Т.Свифт "Beatles" хамтлагийн амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-28 13:38:04

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Америкийн дуучин Тейлор Свифт "The Tortured Poets Department" нэртэй шинэ цомгоороо Британийн хөгжмийн чартыг тэргүүлснээр "Beatles" хамтлагийн амжилтыг эвджээ. 


Тодруулбал, Т.Свифт шилдэг цомгийн жагсаалтыг 12 дахь удаагаа тэргүүлснээр ийм амжилтад хамгийн богино хугацаанд хүрсэн уран бүтээлчээр тодорсон байна. "Official Charts" компанийн мэдээлснээр, Т.Свифт уг амжилтад 11 жил зургаан сарын дотор хүрснээр "Beatles" хамтлагийн 14 жил нэг сарын амжилтыг шинэчилжээ. 


Т.Свифтийн шинэ цомгийн эхний дуу болох "Fortnight" мөн Их Британийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлж байна. Түүнчлэн "Poets" цомог нь Австрали, АНУ-ын чартуудыг тэргүүлсээр байгаа юм.


Уг цомог дөрөвдүгээр сарын 19-нд худалдаанд гарсан даруйдаа нэг өдрийн дотор хамгийн их тоглогдсон цомог болсон талаар "Spotify", "Amazon Music" платформууд мэдээлж байв.  


Т.Свифт ирэх сард Парист үргэлжлэх "Eras" тоглолтоороо мөн хөгжмийн салбарын шинэ дээд амжилтуудыг тогтоож, тоглолт хийж буй улсынхаа эдийн засгийг өсгөж байна.


Өнгөрсөн оны сүүлчээр "Тайм" сэтгүүл Т.Свифтийг оны хүнээр шалгаруулсан юм. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард болсон "Грэмми"-ийн шагнал гардуулах ёслолын үеэр "Оны шилдэг цомог" шагналыг дөрөв дэх удаагаа хүртэх үеэрээ шинэ цомгоо гаргах гэж байгаагаа зарласан билээ. 

Холбоотой мэдээ