Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тал хувийг төлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-11 12:23:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний таван сард гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 715,9 сая төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 367,7 сая төгрөгийн буюу нийт хохирлын 51,4 хувийг барагдуулсан байна гэж аймгийн Цагдаагийн газар мэдээллээ.

Гэмт хэргийн улмаас иргэдэд 497,3 сая төгрөгийн хохирол учирсан аж. Булган, Баяннуур суманд 110,3-164,7 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна.

Аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сард 164 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9,4 хувиар буурсан байна. Хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсч, хулгайлах, малын хулгайлах, залилах, хөрөнгө завших болон хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буурчээ.

Холбоотой мэдээ