Баянзүрх дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 53 гараашийг буулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-30 17:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан.


Мөн авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан юм. Энэ захирамжийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүргийн /БЗД/ 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, зөвшөөрөлгүй барьсан 53 гараашийг буулгалаа. Тус хороонд ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэг байдаг юм.


Буулгасан гараашнуудын оронд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол барина гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэллээ.




БЗД-ийн 18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байдаг 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган зорчиход хүндрэлтэй байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах ажлыг иргэд талархалтай хүлээн авч байна” гэлээ.


Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ