Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км замыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-31 11:24:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна.


Тус автозам нь 1987 онд баригдсан, Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол чухал хэсэг юм. Энэ замд 2004 оноос хойш их засвар хийгээгүйгээс эвдрэл ихтэй, иргэд тээвэрчид зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг болоод байв.


Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар нь хуучин замыг бүрэн сэргээн шинэчилж, шинэлэг шийдлээр хийж буйгаараа онцлог. Учир нь хуучин 5 см асфальт бетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийх аж.


Хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлж буй энэ технологи Монголд өмнө нь хийгдэж байгаагүй, замын чанарт ихээхэн давуу талтай технологи гэдгийг мэргэжлийнхэн хэлж байв. Энд 150 гаруй ажилтан, тухайн орон нутгаас 50 гаруй туслах ажилтан 70 гаруй тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 онд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засвар хийхээр шийдвэрлэсэн юм.


Авто замын их засварыг 2023 оны 4 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулна. Замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн хугацаанд бүрэн хариуцана. Гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарч, зам барилгын ажлыг гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг энэ оны 3 дугаар сарын 31-нд байгуулжээ. 

Холбоотой мэдээ