БНХАУ 70 жилийн хугацаанд эдийн засгийн түүхэн өөрчлөлт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-29 11:50:43

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас “Хятадын ядуурлаас хөгжил цэцэглэлт хүртэлх түүхэн аялал” хэмээх цагаан номыг мягмар гарагт танилцуулжээ.


Уг цагаан номд дурдсанаар, БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн 70 жилийн хугацаанд эрс хүчирхэгжиж, 1952 онд 67.9 тэрбум юаниар хэмжигдэж байсан ДНБ нь 2020 онд 101.6 их наяд юань болж өргөжин тэлжээ.


Дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ нь өдгөө дэлхийн ДНБ-ий 17 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна.


Тус улс нь сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалж, аж үйлдвэрийн 220 гаруй томоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж цагаан номд бичжээ.


Түүнчлэн Хятад улс нь бараа бүтээгдэхүүний худалдаа болон валютын нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт, үйлчилгээний худалдаа болон хэрэглээний зах зээлийнхээ хэмжээгээр хоёрдугаарт орж байна.


“Хятад улс орлого багатай орноос дунд орлоготой улс руу шилжих түүхэн өөрчлөлтийг хийж чадлаа. Хятадын нэг хүнд ногдох ДНБ нь 1952 онд 100 доллар хүрэхгүй байсан бол 2020 оны эцсийн байдлаар, 10 мянган ам.доллар давсан” гэж цагаан номд онцолжээ.


Тус улсын 1.4 тэрбум хүн амын 400 сая гаруй нь чинээлэг дундаж давхаргад хамаарч буй бөгөөд энэ давхаргад хамаарах хүмүүсийн тоо жил ирэх тусам өсөж, зах зээлийнх нь хэмжээ дэлхийн аль ч улс орныхтой харьцуулшгүйгээр хурдацтай өргөжин тэлж байна.


"КОВИД-19" цар тахал дэлхий даяар тархаж, улс орнуудын эдийн засгийн өсөлт эрс саарсаар байгаа билээ.


Харин БНХАУ эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, 2020 онд цар тахлыг хяналтдаа авч, эдийн засгаа эргэн нээсэн анхны улс болсон.


Хятад улсын ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тоо 1949 онд 180 сая байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 750 саяд хүрч, ажлын байрны зах зээлийн тогтвортой байдлыг хадгалсаар байна.


Хэдхэн арван жилийн өмнө тус улсын хүн амын дийлэнх хувийг тариаланчид эзэлдэг байсан бол өнөөдөр ажил эрхлэлтийн бүтэц нь өөрчлөгдөж, ажиллах хүчний 47.7 хувь нь үйлдвэр үйлчилгээний салбарт, 61.6 нь хот суурин газарт ажиллаж байна.


Мөн тус улсад хүргэлтийн ажилтан, дуудлагын жолооч гэх мэт шинэ ажлын байр эрчимтэй хөгжиж буй нь ажиллах хүчний сэтгэхүйг тэлж, ажлын байрны бүтцийг баяжуулж байгааг уг цагаан номд онцлон дурджээ.

Холбоотой мэдээ