Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2015-10-02 16:21:06

“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2015” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

Энэхүү өдрүүдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын энх тайван найрамдлын байгууллага, Оросын Шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-өөс хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Манай улсад  55 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт өнөөдөр ОШУСТ-д фото үзэсгэлэн, баярын хурал, урлагийн концертоор эхэлнэ.

Сарын турш үргэлжлэх хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд оюутан, сурагчдын дунд орос хэлний баяр, Монгол-Зөвлөлтийн барилгын фото үзэсгэлэн, энх тайван найрамдлын сэдэвт орос дуу дуулаачдын уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээг иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулах юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх ОШУСТ-ийн захирал Е.Г. Михайлов, “Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод ирэх сарын 20-ныг хүртэл олон талт өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулна. Мөн Хэнтий, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дундговь зэрэг хөдөө орон нутагт бүсийн цогц арга хэмжээ болно. Орос хэлний олимпиад, орос хэл сонирхогчдын клуб, орос хэлээр уншицгаая, Монгол, Оросын жүжигчдийн хамтарсан тоглолт гээд олон сайхан арга хэмжээнд оролцохыг урьж байна” гэв.

Монгол-Орос найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа хэлэхдээ, “Хүүхдийн урлагийн ассамблейгаас хүүхэд залуучуудын авьяас билгийг хөгжүүлэхээр олон уралдаан зарласан. Тухайлбал, уран зураг, гар зураг, нэхмэл бүтээгдэхүүн, уран баримал, уран уншлага зэрэг төрлөөр бага, дунд, ахлах нас, залуучууд гэсэн ангилалтай. Бүтээлээ энэ сарын 25-ны дотор info@artweek.mn хаягаар ирүүлнэ. Шилдэг 100 бүтээл Улаанбаатар хотод үзэсгэлэнд, Гранпри шагналтнуудын бүтээл ирэх 12 дугаар сарын 7-нд Москва хотноо Кремлийн ордны концертын төв танхимд тавигдана. Хүүхэд, залуусыг энэ уралдаанд оролцож авьяас билгээ сорихыг урьж байна” гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд