Сармагчны цэцэг хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан байж болзошгүй анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-17 15:42:08

ВАШИНГТОН. /The Hill/. Сармагчны цэцэг өвчин хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан байж болзошгүй анхны тохиолдлын талаар “The Lancet” анагаахын шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ.


Тодруулбал, Францад халдвар авсан хоёр эрэгтэйн тэжээдэг нохойд эзэд нь халдвар авснаас 12 хоногийн дараа шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Италийн грейхаунд үүлдрийн дөрвөн настай эр нохойн арьс салст гэмтэж, идээт шарх үүссэний дараа шинжилгээний хариу нь эерэг гарчээ.


ДНХ-ийн шинжилгээгээр судлаачид хоёр эрэгтэй болон нохойд халдварласан вирус нь сармагчны цэцэг болохыг тогтоосон байна. Хоёр эрэгтэйн хувьд өөрсдөд нь шинж тэмдэг илэрсний дараа нохойгоо бусад хүн, гэрийн тэжээвэр амьтдаас хол байлгасан ч хамтдаа унтаж байжээ.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ сармагчны цэцэг өвчний талаарх зөвлөмждөө вирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварлах эрсдэлтэйг анхааруулсан байна. Тодруулбал, вирус халдвар авсан амьтдаас хүнд, халдвар авсан хүмүүсээс амьтдад дамжих эрсдэлтэй гэж бичжээ.


Иймд халдвар авсан хүмүүст гэрийн тэжээвэр амьтадтайгаа ердийнх шигээ харилцахаас зайслхийхийг зөвлөж байгаа аж. Мөн сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд амьтдад илрэх шинж тэмдгийн талаар бүрэн гүйцэт мэдээлэл байхгүй тул нойрмоглох, хоолны дуршил буурах, ханиалгах, халуурах, арьс салст гэмтэх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг “CDC” сануулжээ. 

Холбоотой мэдээ