ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг гуравдугаар сард эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-01-20 15:30:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ХНХЯ, АХБ-ны 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” барьж өнгөрсөн сард улсын комисс хүлээн авсан. Тус төвийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөгжлийн төвийн үйл ажиллагаа эхэлснээр аймгийн хэмжээнд бүртгэлтэй 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэх ажээ.



Мөн 30 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Түүнчлэн уг төвд аутизмтай хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийг ч нээн ажиллуулахаар болсон аж. 2000 гаруй м2 талбайтай тус төвийг барьж байгуулахад аймаг орон нутгаас барилгын газрыг олгохоос гадна талбайн тохижилтын ажилд анхаарч төв замтай холбох, үер усны хоолойг зайлуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар төвийн хажууд олгосон газрыг чөлөөлжээ.



Цаашид Дархан сумын долоодугаар цэцэрлэгийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг нээн ажиллуулахаар барилгын суурийн ажил өнгөрсөн онд эхэлсэн. Энэ жил үндсэн карказын ажлыг дуусгах бол ирэх онд үргэлжлүүлэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ажээ.




Ташрамд, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан хотод барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг аймгийн Засаг даргын 2022 оны "Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох тухай"  захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилласан байна.

Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл, гүйцэтгэгч талаас Г.Баттөмөр захиралтай  “Боршоон-Ундраа" ХХК-ийн төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээн авахаар шийдвэрлэсэн аж.

 

Холбоотой мэдээ