В.В.Грайворонский: Монголыг сонирхох эрдэмтэд төдийгүй жуулчид нэмэгдсэн нь дэлхийн тавцан дахь нэр хүндийг улам бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2023-08-10 14:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотноо олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал эхэлж байна. Энэхүү хуралд гадаадаас ирж оролцогчдын нэг нь ОХУ-ын ШУА-ын Дорно дахин судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, нэрт монгол судлаач Владимир Викторович Грайворонский юм. Монгол судлалаар 70 гаруй  жил ажиллаж байгаа бөгөөд 130 гаруй  судалгаа шинжилгээний бүтээл туурвисан нэрт монгол судлаачтай уулзаж ярилцлаа.


-Та олон улсын монголч эрдэмтдийн их хуралд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ? Энэ удаагийн их хурал ямар онцлогтой болох бол?

-Би олон улсын монголч эрдэмтдийн III их хурлаас хойшхи бүх хуралд нь оролцсон. Андуураагүй бол 1978 оноос хойш шиг санагдаж байна. Энэ удаагийн их хурал цар тахлын улмаас хоёр ч удаа хойшлогдсоны эцэст болох гэж байна. Энэ бол  монгол судлалын түүхэнд тохиож буй чухал үйл явдал. Энэ удаагийн их хурал шинэ нөхцөл байдалд маш сонирхолтой болох байх. Ер нь их хурал болгон оролцож байгаа төлөөлөгчдөөсөө эхлээд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Нэг их хурал дээр америкийн нэрт эрдэмтэн Оуэн Латтимортой танилцаж, хамт зургаа авахуулж байлаа. Монголын ахмад үеийн олон эрдэмтэдтэй танилцаж, уулзаж явлаа.


-Та манай нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай уулзаж байсан биз?

-Тэгэлгүй яах вэ? Анх удаа Монголд эрдэм шинжилгээний томилолтоор ирэхдээ буюу 1958 онд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай  анх танилцсан. Ц.Дамдинсүрэн гуай Москвад ирэхдээ манай Дорно дахин судлалын  хүрээлэн дээр ирнэ. Бид хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байлаа. Түүнтэй уулзах болгонд маш сонирхолтой яриа өрнүүлдэгсэн.


-Та Олон улсын монголч эрдэмтний XII их хурал ямар үр дүнтэй болно гэж хүлээж байна вэ?

-Их хурал дээр эрдэмтэн, судлаачид маань өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг бусадтайгаа хуваалцаж, танилцуулдаг. Тиймээс маш сонирхолтой байдаг. Монголын холбогдолтой олон шинэ сонирхолтой судалгаа танилцуулагдаж, шинэ эрдэмтэд өөрсдийгөө зарлана гэж хүлээж байна даа.


-Монголч эрдэмтэд төдийгүй уншигчид таны бүтээлийг шимтэн уншдаг. Манай МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонинд  таны олон өгүүлэл нийтлэл хэвлэгдэж байлаа. Та одоо  ямар  бүтээл  туурвиж байгаа талаараа манай уншигчидтай хуваалцаач. Энэ удаагийн их хуралд ямар сэдвээр илтгэл тавих вэ?

-Юуны түрүүн миний өгүүлэл нийтлэлийг уншдаг "Новости Монголии" сонины уншигч олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Олон жил энэ сонинтой хамтран ажилласнаа дурсахад таатай байна. Энэ удаад би монголчууд нүүдлийн амьдралаас суурин амьдрал руу шилжсэн үйл явцын талаар илтгэл тавина. Одоогоос 100 жилийн өмнө монголчуудын 90 хувь нь малчид байсан бол одоо эсрэгээрээ 90 хувь нь хот суурин газар амьдарч байна. Энэ талаар юм.


Одоо хийж буй бүтээл туурвилын тухайд бол монгол судлалаар 70 гаруй жил ажилласан тухай дурдатгалаа бичиж байна. Анх яаж монгол судлаач болсон, хэрхэн судалгаа хийж,  ажиллаж байсан талаараа дурдатгалаа  бичиж байгаа юм.


-Таны бодлоор монгол судлалын хөгжил ямар байна вэ?. Та бусад улс орнуудын монголч эрдэмтэдтэй холбоотой байдаг байх...

-Үзэл суртлын улмаас хаалттай, зөрчилтэй үе байсан. Гэсэн хэдий ч зарим судлаачид, эрдэмтэдтэй ажил мэргэжлийн дагуу холбоотой байсан. Нэг жишээ дурдахад барууны нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор зэрэг хүмүүстэй холбоотой ажилладаг байлаа. Өөрчлөн байгуулалтын дараа барууны олон эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоосон. Гэвч өнөөгийн нөхцөл байдал бидний  ажилд нөлөөлж байна. 1990-ээд оноос хойш Монгол нээлттэй болж барууны эрдэмтэд танай оронд ирж, янз бүрийн арга хэмжээнд оролцож, судалгаа шинжилгээний ажлаар хөдөө орон нутагт явах боломжтой болсон. Монгол судлал хөгжиж байгаа, цаашдаа  ч хөгжих  болно гэдгийг хэлмээр байна. Зөвхөн эрдэмтэд төдийгүй, жуулчид Монголыг ихэд сонирхох болсон. Энэ бүхэн  Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд улам бэхжүүлж, ийм олон улсын их хуралд оролцох хүмүүсийн хүрээг тэлж өгнө.


-Монголч эрдэмтдийн  халааг авах залуу эрдэмтдийн талаар таниас асуух гэсэн юм. Таны үйл ажлыг үргэлжлүүлэх шавь бий юу?

-Надад гарын шавь гэж байхгүй. Гэхдээ эрдмийн зэрэг хамгаалахад нь шүүмж бичиж өгөх хүсэлт ирвэл би хүлээж авдаг. Энэ мэтээр залуу эрдэмтдэд дэмжлэг үзүүлж, монголч эрдэмтэн болоход нь тусалж байсан. Жишээ нь  Ю.В.Кузьмин гэж монгол судлалыг ихэд сонирхож, идэвхтэй ажилладаг хүн бий.


-Ярилцлага өгсөн таньд баярлалаа.  

Холбоотой мэдээ