Украиныг дэмжихийг Ж.Байден дэлхий дахинд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-20 10:42:12

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд мягмар гарагт үг хэлэх үеэрээ Оросын түрэмгийлэгчдийн эсрэг Украины талд зогсохыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалаад, Конгрессын Бүгд найрамдах намын гишүүд ч мөн үүнд анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


“Дэлхий нийт залхаж, Украинд түрэмгийлэн хандахыг нь зөвшөөрнө гэж Орос улс найдаж байна. Хэрэв бид Украиныг хэсэгчлэн хуваахыг зөвшөөрвөл аливаа улсын тусгаар тогтнол баталгаатай байж чадах уу?” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэллээ.


АНУ ба холбоотон орнууд Украины эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжинэ хэмээн түүнийг хэлэхэд чуулганд оролцогчид алга ташин хүлээн авчээ. “Энэ дайны хариуцлагыг Орос ганцаараа үүрнэ. Энэ дайныг зөвхөн Орос л нэн даруй зогсоож чадна” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлэв.


Нью-Йорк хотод гурван өдөр зочлох Ж.Байдены төлөвлөгөөний чухал хэсэг бол НҮБ-ын чуулганд үг хэлэх явдал бөгөөд  тэрбээр мөн Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар ба Израил, Бразилын удирдагчидтай уулзах юм.


Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Ж.Байден АНУ-ын холбоотнуудад Украиныг дэмжихийг уриалж, барууныхныг дийлж гарах боломжгүй гэсэн тодорхой дохиог Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд өгөх ёстой гэж үзэж байна. Харин дайнд бага мөнгө зарцуулахыг эрмэлзэж буй бүгд найрамдахчууд Ж.Байденыг шүүмжилсээр байгаа юм.


Харин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсийг тэргүүлж буй Ерөнхийлөгч асан Дональд Трамп засгийн эрхийг дахин авбал дайныг хурдан дуусгана гэж амлажээ. Тэрбээр НАТО тэргүүтэй холбоотнуудтай харилцах харилцаанд эргэлзэж, В.Путинд талархалтай хандаж байгаа ажээ.


Төлөөлөгчдийн танхимын дарга бөгөөд Бүгд найрамдах намын бүлгийн дарга Кевин МакКарти АНУ Украинд олон тэрбум долларын зэвсэг нийлүүлсээр байх нь зохистой эсэх тухайд асуулга тавьсан байна. Харин Ж.Байден хэлэхдээ, Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолж, газар нутгийг нь эзэлсэн нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмыг зөрчиж байна гэдгийг онцолжээ.


Түүний хэлсэн энэ үг мягмар гарагт НҮБ-ын чуулганыг нээх үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлсэн үгтэй ойролцоо утга санааг илэрхийлсэн байна. А.Гутерриш хэлэхдээ, Оросын түрэмгийлэл “аймшигтай үр дагавар бүхий гинжин хэлхээг нээлээ” гэжээ.


АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын чуулганы үеэр дэд бүтэц, тогтвортой хөгжлийн төлөө нөөц боломжийг дайчлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд анхаарлаа хандуулна гэж Ж.Байдены засаг захиргааны төлөөлөгч мэдээлсэн байна. Америкчуудын ихэнх нь Оросоос өөрийгөө хамгаалахад нь Украинд зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд ийм тусламж нь АНУ-ын ашиг сонирхол, холбоотнуудаа хамгаалах гэсэн эрмэлзлийг Хятад зэрэг улсуудад харуулж байна гэж тэд үзэж байгаа ажээ. Үүнийг 6 дугаар сард явуулсан Ройтерс-ийн санал асуулга харууллаа. 





Холбоотой мэдээ