ХЭНТИЙ: Шилдэг багш нарыг шалгаруулж, 5-25 сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-05 17:10:32
Чингис, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит "Шилдэг багш" шалгаруулах болзолт уралдааныг зарлажээ.

Боловсролын байгууллагуудын багш нарын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашилбал аймаг орон нутгийн боловсролын салбарт ахиц амжилт гаргах зорилготой тус уралдаан гурван үе шаттайгаар, гурван сарын турш үргэлжлэх аж.

Нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа “Нийтлэг шаардлага”-ыг хангасан багш нар оролцох эрхтэй юм.

Харин хоёрдугаар шат 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдах бөгөөд эхний шатнаас шалгарсан багш нар “Миний ажлын менежмент” сэдвээр илтгэл бэлтгэж оролцох юм. Улмаар гуравдугаар шатанд Улаанбаатар хотоос зөвлөх багш, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд ирж, мэргэжил ур чадварын шалгалт авч 12 дугаар сарын 20-ны дотор дүнгээ гаргах аж. Ингээд шилдгээр шалгарсан эхний таван багшид 5-25 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх аж.
Холбоотой мэдээ