ХЭНТИЙ: Галшар, Баянмөнх сум төмөр зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-16 09:56:25
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн урд сумд болох Галшар, Баянмөнх сум төмөр зудтай, Дадал сумаас бусад сум цагаан зудтай байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, аймгийн ОБГ, УЦУОШТ-өөс мэдээлэл хийлээ. Тус аймгийн хэмжээнд бүх нутгаар битүү цасан бүрхүүл тогтсон, цасны дундаж зузаан 8-19 см байна. Цасны зузаан Хэрлэнбаян-Улаан тосгонд хамгийн бага буюу 8 см, хамгийн их нь Гурванбаян тосгонд 19 см байгаа бол хунгар, гуу, жалгандаа 40-60 см байна. Цасны дундаж нягт 0.16-0.31 г/см³ байгаа юм.

Аймгийн Онцгой комиссоос 10850 өрх айлд 17846 боодол өвс, 175 тн хивэг, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрч сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 165 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг авчээ. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр 1273 иргэнд үзүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 121968 толгой мал хорогдсон бөгөөд Дархан, Галшар, Баянмөнх, Мөрөн суманд малын хорогдол их байна. “Дэлхийн Зөн” ОУБ-аас таван сумын 225 өрхөд 35 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээлийн тусламжийг Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хоёр сумын 100 өрхөд 60 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад Онцгой байдлын байгууллагаас найман алба хаагч, таван техник хэрэгсэлтэйгээр, Зэвсэгт хүчний анги байгууллагаас хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр, Хилийн цэргийн анги, байгууллагаас дөрвөн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр ажиллажээ.

Түүнчлэн Батширээт сумын Эгийн голын ус халиа үүсэн төвийн Онон багийн гурван айл өрх усанд автах эрсдэл үүссэнийг нүүлгэн шилжүүлж, айл өрхүүд рүү орж байгаа усыг хааж хаалт босгох ажлыг сумын мэргэжлийн ангийн 20 иргэн дөрвөн техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон есөн сумын 25 багийн 1331 өрх байгаа бөгөөд 3800 км гаруй зам гаргах шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Аймгийн Онцгой комисс хуралдаж, эдгээр мэдээлэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх ажлын саналаа Онцгой комисст танилцуулахаар боллоо.
Холбоотой мэдээ