Хүүхдүүд анхаарал халамж, тусламж хүсэж байна!

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-10-06 15:59:52

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бид хүүхдүүдээ хаана, ямар улс оронд амьдруулж байна вэ? Бид ямар орчинд хүүхдээ угтан авч, хэрхэн өсгөж, яаж хамгаалж байна вэ. Хүүхдүүд ирчихээд л бүрмөсөн буцсаар байх уу? Нийгэм даяар энэ асуулт тавигдаж, хэлэлцүүлэг өрнөж  байна.


Өнөөдөр биднийг “Хүүхэд үндэстний ирээдүй, улсын баялаг, бүхнийг хүүхдийн төлөө” гэх мэт чамин үгс хааяахан хэрэглэчихээд сууж байх хооронд хүүхдүүд эрсэдсээр байна. Тэд гэртээ, хичээлдээ явах замдаа, тоглоомын талбай дээр гээд хамгийн аюулгүй гэж боддог, төсөөлдөг газартаа эндэж байна.


Монгол бол хүүхэд залуусын орон. Нийт хүн амын 36.2 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд. Тэдний аюулгүй байдал, хамгааллын асуудлыг үндэсний хэмжээнд онцгой анхаарах цаг хэдийнэ болсон гэдгийг сүүлийн өдрүүдэд гарч буй хэрэг явдлууд харуулж байна. Зөвхөн он гарснаас хойш 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 65 хүүхэд золгүй байдлаар энджээ. Тэдний 38 нь зам тээврийн ослоор хорвоог орхиж, бэлгийн хүчирхийлэлд 251 хүүхэд өртсөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 756 бүртгэгдсэн байна.


Хүүхдүүд томчуудаас тусламж эрж байна! Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд 2023 он гарснаас хойш 7096 хамгаалах үйлчилгээ шаардлагатай дуудлага ирсэн байна. Үүний 35.2 хувь нь хүүхэд гэр бүлийн орчинд бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн,  23.8 үл хайхрах хүчирхийлэлд өрсөн, 23.5 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага байжээ. Улсын хэмжээнд хоногт дунджаар 30-40 хүүхэд түр хамгаалах байранд өөрийгөө хамгаалуулахаар ирж байгаа тоо байна. Ялангуяа гэр бүлийн хүрээн дэх хүүхэд хүчирхийлэл нэмэгдсээр байгаа гэнэ. Ядуурал, ажилгүйдэл, архидалттай холбоотойгоор хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол их гардаг, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, өсвөр насны хүүхдээр болон хамаатан, төрөл садны холбоотой хүмүүсээр харгалзуулснаас үүдэлтэй зөрчил олон бүртгэгддэг байна. Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамж сул, хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байхаас үүдэлтэй нийгмийг цочирдуулсан хэрэг явдлууд нэмэгдсээр байна.


Улсын хэмжээнд 34 түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь цөм гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрэн байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж буй. Одоо улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд хамгаалах төвд байрлаж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд дэндүү их тоо. Тус газрын хувьд  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд хийж байгаа ч мэдээж энэ нь нийгмийг бүхэлд нь хамарч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор хүүхдүүдийг хамгаалах чадамжтай, зөвхөн хүүхдийн аюулгүй байдалд бүх анхаарлаа хандуулдаг чиг үүрэг бүхий томоохон статустай байгууллагыг маш түргэн хугацаанд төр засгийн хэмжээнд анхааран байгуулах ёстой болж байна.


Түүнээс гадна хүүхэд хамгааллын төсвийг маш сайн боловсруулж, нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд бүрийн аюулгүй өсөх орчныг бий болгох бодлогыг дорвитой хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагийн 8 тэрбум төгрөгийн төсвийг Монголын нийт хүүхдийн тоонд хуваарилж тооцвол нэг хүүхдэд 5 мянган төгрөг, нийгмийн халамж үйлчилгээ дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, эрсдэлт бүлэгт амьдарч байж болзошгүй хүүхдэд 15 мянган төгрөг оногддог байна. Тийм болохоор ирэх онд 8 тэрбумыг нэмэгдүүлж 14 тэрбум болгохоор УИХ-д төсвийн санал өргөн барьсан гэж байгаа. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд гар татахгүй байх нь зүйтэй ч хүүхдийг хохирсон хойно нь бус эрсдэлд өртөхөөс өмнө хамгаалахад зарцуулдаг байх, үр дүнтэй, бодитойгоор хүүхдэд тусладаг байх нь чухал юм.


Зургаан жилийн өмнө бага насны хүүхэд ор сураггүй алга болоход нийгэм даяар камержуулалтын асуудлыг хөндөн шуугиж байсан ч өнөөдөр дахин нэг хүүхдийн эрэлд гарахад мөн л камергүйн зовлон бэрхшээлээ ярьсан хэвээр. Манай орны хувьд цаг уурын болон орчны бохирдол, утаа, шороо гэх мэт хүчин зүйлсээс хамааралтайгаар хяналтын камер хэвийн ажиллагаатай байх хугацаа богино байдаг гэдэг. Мөн зардал өндөртэй. Гэсэн хэдий ч хүүхдийн аминаас илүү зардал гэж үгүй билээ.


Цагдаагийн байгууллагын зүгээс хийсэн мэдээлэлд нийслэлийн төв талбайгаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэгт 300 гаруй камер байршуулснаас хойш гэмт хэргийн гаралт 80 орчим хувиар буурсан, хэрэг илрүүлэлт 70 орчим хувиар ахисан тухай тоо байна. Тэгэхээр хараа хяналттай орчин бий болгочихвол хүүхдүүдээ эрсдлээс хамгаалаад байх боломж бий гэсэн үг. Харин энэ улсыг бүхэлд нь камержуулахыг хүлээх зуур хэдэн хүүхэд эрсдэхийг таашгүй. Тийм учраас өнөөдөр төрийн бус байгууллагуудын зүгээс хүн бүр “хяналтын камер” байх тухай асуудлыг хөндөж байна. Энэ нь эргэн тойрондоо, оршин суугаа газартаа алхам тутамдаа хяналт тавьж, хамгаалалт шаардлагатай байгаа хүүхдийн тухай мэдээллийг харьяа дүүрэг хороодын гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газарт мэдээлдэг болох, ингэж дадаж хэвших тухай асуудал юм. Сүүлийн үед хөршүүд, иргэдийн зүгээс хүүхдийн эрх зөрчигдөж байх магадлалтай тухай мэдээллийг хүргэх  хандлага харьцангуй нэмэгдэж байгаа аж.


Хүний эрхийг хамгаалах тал дээр туршлагажсан зарим улс орнуудад хүүхдийн эрх хаана зөрчигдөж байгааг хөршүүд, сургууль, цэцэрлэгийн багш нарын ажиглалт, тандалтын тусламжтайгаар олж мэдэн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Энэ аргыг хэрэглэх, мөн хүн бүр хүүхдийн төлөө санаа тавьдаг, иргэн бүр хүүхэд хамгаалагч байх хандлага төлөвшүүлэх хэрэгтэй болжээ. Мөн өөрөө өөрийгөө хамгаалах чадварт хүүхдийг суралцуулах шаардлага ч бий юм. Хүүхдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх төлөвшилд боловсролын бүх түвшинд анхаарах нь онцгой чухал. Тэдэнд томчуул буюу эцэг эх, багш, сургуулийн захиргаа зэргээс эмээлгүйгээр нээлттэй харилцаа тогтоож чаддаг дадал суулгах хэрэгтэй юм.


Үүнээс гадна хүн бүр ухаалаг утастай, технологийн дэвшлийг ямар ч хэлбэрээр ашиглах боломж нээлттэй цаг үед бид амьдарч байна. Хүүхдийг аюул эрсдэлээс сэргийлэхэд туслах тусгай аппликэйшнийг дэлхийн улс орнууд ашиглаж эхлээд сайн үр дүнг нь ч харж байгаа мэдээ байна. Технологид суурилсан энэ аргыг Монголд хэрэгжүүлэхээр залуус ажиллаж байгаа тухай “Лантуун дохио” ТББ-аас зохион байгуулсан хүүхэд хамгааллын сэдэвт уулзалтын үеэр мэдээлсэн. Тус ТББ иргэдийн сайн дурын Хүүхэд хамгааллын холбоо байгуулж буйгаа зарласан юм. Мөн Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны зүгээс хүүхэд бүрийг цахим хувийн хэрэгтэй болгон хүчирхийлэлд өртөж буй эсэхийг хянах, бүртгэлжүүлэх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа тухай ярьсан. Түүнчлэн хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон этгээдийн нэр зургийг вэб сайтад байршуулан олон нийтэд ил зарлах нь зүйтэй юм гэж хүүхэд хамгааллын болон цагдаагийн байгууллагынхан үзэж байна.


1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль нь хүүхэд хамгааллын харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа учир Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гэж буй. Энэ шинэчилсэн найруулгаар сум хороо бүрт гэр бүл, хүүхдэд чиглэсэн нийгмийн ажилтантай байх тухай тусгасан гэж буй. 21 аймаг 9 дүүрэгт гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн газар хэлтсүүд ажиллаж байгаа хэдий ч яг асуудлын гүнд орж ажиллах анхан шатанд ажиллах боловсон хүчин дутагдаж байдаг байна. Нэг ёсондоо хүүхэд бүрт анхаарал тавих боломж хомс. Энэ байдлыг бага ч атугаа өөрчлөх, нэмэр болох үүднээс нэмэлт өөрчлөлтийг оруулж батлуулбал хороо, сум бүр нийгмийн ажилтантай болох, урьдчилан сэргийлах хамгааллын ажил, нөлөөллийн ажлууд хийхэд нэлээд дөхөм болох магад юм. Гэвч энэ төгс шийдэл биш.


Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулинд, “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. Хүүхэд эрхээ зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй” хэмээн заасан байдаг.


Хүүхдүүд энэ эрхээ хангалттай эдэлж чадаж байна уу, бид хүүхдүүдээ хамгаалах үүргээ биелүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Тэднийг эх орны ирээдүй, энэ улсын баялаг гэж нэрлэж чаддаг шигээ хайрлаж, хамгаалж чаддаг улс үндэстэн болохыг аюул дунд бойжиж байгаа хүүхдүүд биднээс шаардаж байна. 

Холбоотой мэдээ