Элэгний В вирусийн халдвартай 150 мянган хүн эм, тариагаа хүлээж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-11 11:35:17

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Манай улс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дагуу хепатитын В, С вирусийн эрт илрүүлэгт 15-аас дээш насны 2.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор зорилтот хүн амын 50 орчим хувь нь буюу 1099859 нь илрүүлэг шинжилгээнд хамрагджээ.


Үзлэгт хамрагдсан хүмүүсээс 89734 буюу 8.1 хувь нь хепатитын В вирусийн архаг халдвартай гарсан байна. Харин хепатитын В вирусийн дарангуйлах эмийн эмчилгээнд 2018-2021 онд нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулж 12534 хүнд эм олгосон аж.


Өөрөөр хэлбэл, халдвартай хүмүүсийн 13.9 хувь нь эмийн эмчилгээнд хамрагдаж байна гэсэн үг.


Мөн судалгаагаар манай улсад хепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн 60 хувь нь Д вирусийн хавсарсан халдвартай байгааг тогтоосон байдаг. Иймээс одоо оношлогдоод байгаа 89734 хүнийг хепатитын Д вирусийн оношлогоонд хамруулах зохих эмчилгээ, хяналтанд шилжүүлэх шаардлагатай байгаа юм. Эндээс үзэхэд манай улсад В, Д вирусын давхар халдвартай 150 мянган хүн байгааг мэргэлжитнүүд хэлж байна. Гэвч энэ хүмүүсийг эмчлэх эм тариа алга.


Элэгний хорт хавдраар Монгол Улсад өдөрт дунджаар таван хүн нас бардаг. Мөн элэг шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн 70 хувь нь элэгний В, Д вирусийн халдвараас болдог байна. Ингээд зогсохгүй Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас 10 дахин их хэвээр байгаа аж. Элэгний хорт хавдрын 80 хувь нь гурав,  эсвэл дөрөвдүгээр шатанд оношлогддог бол хавдрын тохиолдлын 70-80 хувь нь жилийн дотор нас бардаг гэсэн статистик судалгаа гарчээ.


Ийм аюул дунд 150 мянган хүн ямар нэг эмчилгээгүй, эм тариагаа хүлээсэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж буйг эмч, мэргэжилтнүүд онцоллоо. 

Холбоотой мэдээ