Өмнөд Солонгос, АНУ, Японы агаарын цэргийн хүчин анх удаа хамтарсан сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-18 16:16:42

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 18 /Yonhap/. Умард Солонгосын зүгээс учрах аюул заналын эсрэг гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгос, АНУ, Японы агаарын цэргийн хүчин анх удаа хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалж пүрэв гарагт мэдээлжээ.


Аравдугаар сарын 22-ны ням гарагт Солонгосын хойгийн ойролцоо хийхээр төлөвлөж буй уг сургуулилалтад Өмнөд Солонгост байрлуулаад байгаа АНУ-ын В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц оролцоно. Цөмийн зэвсэг тээх хүчин чадалтай уг онгоц мягмар гарагт анх удаа Өмнөд Солонгост газардсан юм.


АНУ-ын стратегийн гол бөмбөгдөгч онгоц гэгддэг В-52 онгоцууд өмнө нь Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчинтэй хамтарсан агаарын сургууль хийх зорилгоор Солонгосын хойгийн дээгүүр нисэж байсан боловч тус улсын агаарын баазад анх удаа газардсан нь энэ юм. 


Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Ким Сен Кюм өнгөрсөн долоо хоногт парламентад мэдээлэл өгөх үеэрээ Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд гурван талын аюулгүй байдлын уялдаа холбоог өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилалт хийхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.


Гурван улсын удирдагчид наймдугаар сард АНУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосоос учрах цөмийн болон пуужингийн аюул занал өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсоны дараа энэхүү сургуулилалт болох гэж байна.


Өнгөрсөн долоо хоногт Сөүл, Вашингтон, Токио "довтлогч талын дайралтыг таслан зогсоох" тэнгисийн цэргийн сургуулилалтыг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт долоон жилийн дараа анх удаа хийсэн юм.



Холбоотой мэдээ