АмЧам: Хөрөнгө оруулагч нар хүлээлтийн байдалд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-24 14:18:30

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын ээлжит 10 дугаар сарын хурал “Блью скай” зочид буудалд өнөөдөр болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв”-ийн талаар хэлэлцлээ.


Уулзалт, хэлэлцүүлэгт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян, эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, “Эрнст энд Янг” байгууллагын ахлах менежер Б.Мөнхжин нар оролцож, хэлэлцэж буй сэдвээр үг хэлж байр сууриа илэрхийлэв.


Энэ талаар АмЧам-ын гүйцэтгэх захирал О.Адьяагаас тодруулбал, “Бид өнөөдөр энэ оны эдийн засгийн гүйцэтгэл, бизнесийн орчин, төсвийн төсөл, ирэх оны төлөв, эдийн засгийн байдал ямар байх талаар ярилцаж байна.


Монгол Улсын эдийн засаг энэ онд хоёрдмол байдалтай өнгөрч буйг оролцогч нар хэлж байна. Тодруулбал, нүүрсний экспорт нэмэгдэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг гарч байгаа хэдий ч Оюутолгойн ордын далд уурхай ашиглалтад орж нээснийг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт дээр сайн чиг хандлага төдийлөн харагдахгүй байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байна. Хөрөнгө оруулагч нар хүлээлтийн байдалд байна" гэв.


2024 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ЕСБХБ өөдрөгөөр төсөөлсөн бол ОУВС болгоомжилсон байдлаар дүгнэжээ.


Эдийн засгийн өсөлтийн талаар АмЧам-ын шинжилж тооцсон дүгнэлтийн талаар тодруулахад, энэ талаар олон улсын мөнгө, санхүүгийн байгууллагууд илүү далайцтай судалгаа хийсэн байна. Энд Монголын эдийн засгийн өсөлт ирэх онд 5.5-6 хувь байна гэсэн төсөөллийн янз бүрийн төлөв ажиглагдаж байна. Жишээ нь, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) 7-8 хувь, түүнээс өөдрөгөөр төсөөлсөн бол ОУВС нэлээн болгоомжилсон байдлаар дүгнэсэн. АмЧам-ын тооцоолсноор дээрх төсөөллийн дундуур үзүүлэлттэй гарна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ талын нарийн судалгаа гараагүй байна гэв.



Гадаад өрийн байдал хэвээр байгаа нөхцөлд хуримтлуулсан гадаад валютын нөөцөө хадгалах хэрэгтэй байна.  


Уулзалтын үеэр ОУВС-гаас саяхан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 2024-2027 оны дунд хугацааны төсөөллийн судалгааны тайланг гаргасан талаар мэдээллээ. Энд Монгол Улсын экспортын гол түүхий эд, баяжмал болох нүүрс болон зэсийн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, бууралтын циклийг тооцон эдийн засгийн өсөлтийн талаар өөдрөг төсөөлөл хийгдээгүй байна.


Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн өсөлт, төсвийн талаар эдийн засагч Ч.Хашчулууны улсын төсвийн талаарх байр суурийг сонслоо. Тэрбээр "Ер нь 2024 оны улсын төсвийг их өөдрөг, эдийн засгийн өсөлт, орлого өндөртэй төсөөлж байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл өндөртэй төсөв байна. Жишээ нь, Монголоос хийх худалдан авалт өндөр хэмжээнд байж чадах эсэх нь баталгаатай биш” хэмээн онцоллоо

Холбоотой мэдээ