НАСА-гийн дуран авайнууд хар нүхийг шинээр илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-11-07 16:41:31

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /NASA/. Одон орончид АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ дуран авайнуудыг ашиглан урьд нь рентген туяаны дурангаар илрүүлж байгаагүй хамгийн алс холд орших хар нүхийг олжээ.


Энэхүү хар нүх үүсэл хөгжлийн эхний үе шатандаа байгаа бөгөөд масс нь галактикийнхтайгаа ойролцоо юм.


Судлаачдын баг НАСА-гийн "Чандра" рентген дуран болон "Жеймс Уэбб" сансрын дурангийн мэдээллүүдийг нэгтгэснээр их тэсрэлтээс хойш ердөө 470 сая жилийн дараа үүсэн тэлж буй хар нүхний шинж тэмдгийг илрүүлж чаджээ. Ингэснээр орчлон ертөнцийн хэт масстай анхны хар нүхнүүд хэрхэн үүссэнийг тайлбарлах боломжтой болж магадгүй гэж НАСА үзэж байна. Тус багийнхан дэлхийгээс 3.5 тэрбум гэрлийн жилийн зайд орших Abell 2744 галактикуудын бөөгнөрлийн чиглэлд орших UHZ1” гэдэг нэртэй галактикаас хар нүхийг олсон байна.


Гэхдээ уг галактик нь дэлхийгээс 13.2 тэрбум гэрлийн жилийн алсад орших бөөгнөрлөөс нэлээд хол байгааг Уэбб дурангийн өгөгдлүүдийг ашиглан тогтоосон бөгөөд тухайн үед Орчлон ертөнц одоогийн насныхаа дөнгөж 3 хувийг "насалж" байжээ.

Холбоотой мэдээ