Монголын соёлын олдворуудыг буцаан өгөхийг Орос болон бусад улс оронд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-22 11:30:55

УЛААНБААТАР, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /Reuters/. Монгол Улс соёлын олдворуудаа буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг ОХУ, Их Британи болон бусад улсад 11 дүгээр сарын 20-ны даваа гарагт уриаллаа. 


Олон улсаас буцаан авах хүсэлтэй байгаа Монголын түүх, соёлын олдворуудын дунд 2000 жилийн настай олдвороос эхлээд Эдинбургийн музейд хадгалагдаж буй Рашид ад-Динтэй холбоотой эд өлгийн зүйлс болон Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн захидлууд зэрэг түүх, соёлын өвүүд байгааг онцолжээ. 


Сүүлийн жилүүдэд олон улс орон, түүний дотор Европын колоничлолд байсан орнууд өөрийн түүх соёлын олдвороо эргүүлэн авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түүхийн музейд хадгалагдаж байгаа юм. 


Монгол Улсын тухайд түүх соёлын олдворуудаа буцааж авах тал дээр үр дүнтэй ажлууд хийж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь АНУ-д худалдагдах гэж байсан үлэг гүрвэлийн яс, тодруулбал 70 сая жилийн өмнө амьдарч байсан Тиранозавр батаарын жижиг хувилбар болох алиорамусын гавлын ясыг эх орондоо буцаан авсан явдал юм.


ОХУ-д өнгөрсөн долоо хоногт болсон Соёлын чуулганы үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалгаа, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн Ноён уулаас олдсон Хүннү гүрний үед хамаарах олдворуудыг илрүүлж, гэрээ ёсоор Монгол Улсад буцаан өгөхийг ОХУ-ын талаас хүсжээ.


Соёлын сайд Ч.Номин тус чуулганы үеэр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эхлүүлсэн энэ чухал ажлыг дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлж, найрамдалт харилцаагаа хүндэтгэн түүх, соёлын олдворуудаа буцаан авах ажилд хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.

Холбоотой мэдээ