“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-15 10:07:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдаа Улсын их дэлгүүрийн 7 давхарт нээгдээд байна.


Малчдын хоршоо, үндэсний үйлдвэрлэгч нар хамтран гаргаж буй уг үзэсгэлэн худалдаа нь малчны хотноос гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зуучлагч ченж нарын гар дамжуулахгүйгээр үйлдвэрт нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр хүргэж буйгаар онцлогтой аж.

Улмаар экспортод гаргах бүтээгдэхүүнийг танилцуулж байна гэдгийг зохион байгуулагч нар хэлж байна. Жишээ нь, аяганы уут гэхэд арьс ширийг бэлтгэн нийлүүлсэн малчдын мэдээллийг тухайн бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулсан үйлдвэрлэгчийн эх сурвалжтай хамт багтаасан, чанарын сертификат, QR кодтой аж.


Уг бүтээгдэхүүнийг гадаад хэдийнэ гаргаад буйг үйлдвэрлэгч С.Гансүх, Ш.Отгонсүрэн нар хэлж байна. “Хариуцлагатай нүүдэл” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд ийнхүү байгаль орчинд ээлтэй, буцаад малчдад үр өгөөжөө өгөх үндэсний эко бүтээгдэхүүнийг аймаг, орон нутгийн 12 хоршоо нэгдэн нийслэлийн хэрэглэгч нарт дэлгээд байна.


Үзэсгэлэн худалдаанд оролцож буй “Ногоон алт-дундын хоршоо” сарлагийн хөөвөр, торомын ноосон бүтээгдэхүүн зэрэг Их Британи, Итали, Непал зэрэг улсад экспортод гаргаж буй бүтээгдэхүүнээ улаанбаатарынханд дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцож байгаа хоршоологчид хамтран цаашид Шанхай хот, Парист дэлгүүрээ нээх гэж байгаагаа хэллээ.

“Хариуцлагатай нүүдэлчин” цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаа, “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. 


Холбоотой мэдээ