ДАРХАН-УУЛ: ОХУ-ын Зэд аймгийн уран бүтээлчдийн тоглолт хоёрдугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-26 16:11:49

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Зэд аймгийн Соёлын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын баг өнөөдөр Дархан хотод ажиллаж байна.


Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс ажлын багийнхныг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.




Уулзалтаар соёл, боловсрол, хүүхдийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон аж. Энэ хүрээнд эхний удаад хоёрдугаар сарын 24-ний өдөр Зэд аймгийн уран бүтээлчдийн тоглолт Дархан хотын Залуучууд театрт болохоор товлогджээ.




Тоглолтын тухайд улсынхаа үндэсний урлагаараа дамжуулан утга агуулгыг орчин үетэй хослуулан харуулах бөгөөд 50 орчим уран бүтээлч оролцох аж.


Дараагийн удаа Дархан-Уул аймгийн уран бүтээлчид Зэд аймагт бүрэн хэмжээний урлагийн тоглолт зохион байгуулахаар болсон байна.


Хоёрдугаар сард болох тоглолтын үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулах аж. Энэ хүрээнд талууд урлаг, соёлоор дамжуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд багачуудыг зуслан солилцооны хөтөлбөрт хамруулах ажээ.




Дархан-Уул аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд 23 хоттой найрамдалт харилцаатай. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хоттой ах, дүүгийн найрамдалтай харилцаатай бол Зэд аймагтай урлаг, соёл, боловсролоор дамжуулан хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.


Ташрамд, Зэд аймаг 1935 онд байгуулагдсан, 8600 м.кв газар нутагтай, хүн амын 50 гаруй хувийг орос, 45 орчим хувийг буриад, нэг хувийг татар хүн эзэлдэг аж.

Холбоотой мэдээ