ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр хөрш аймгийнхан ч үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-13 12:47:04

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр сард 200 гаруй иргэн тогтмол үйлчлүүлж байна.


Сүүлийн үед хөрш зэргэлдээ Архангай, Булган аймгийн иргэд зорьж ирэн үйлчлүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ хэллээ.




Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.




Мөн уран зураг, шүрэн урлал, гитар, бүтээлч жаалууд, бадминтон гэсэн 8 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж 30 гаруй хүүхэд суралцаж байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 497 хүүхэд, харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байна.

 

Холбоотой мэдээ