Биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-14 11:12:13

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад сүүлийн жилүүдэд өвлийн спортын хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг болох биатлон эрчимтэй хөгжиж байна.


Монголын тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцохын сацуу орос мэргэжилтний удирдлагад хилийн чанадад бэлтгэлээ базаадаг болсон юм. Тэгвэл Монголын биатлоны холбооноос анх удаа насанд хүрэгчид болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Батмөнхийн нэрэмжит тус тэмцээн Булган аймгийн Хангал сумын “Сэлэнгэ” амралтын газар болж, шилдгүүдээ тодруулав.


Анхдугаар тэмцээний эхний өдрийн буухиа уралдаанд Монголын лидер тамирчин, Eвропын залуучуудын аварга Э.Энхсайхан гурван ангилалд аваргын алтан медаль хүртсэн байна.


Монголын биатлоны холбоог 2008 онд дахин сэргээсэн бөгөөд холбооны үйл ажиллагааг Б.Наран-Идэр, Б.Гансүх нар удирдан чиглүүлж байна. Тэд олон улсын харилцаа холбоог сайжруулж, гадаад бодлогод онцгой анхаарсны үр дүнд Монголын биатлон боломжийн түвшинд хүрснийг ахмадууд онцолж байгаа юм.


Өнөөдрийг хүртэл Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Александр Попов ярихдаа, “Анхны УАШТ гэхэд зохион байгуулалт маш сайн байна. Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болоосой гэж хүсье. Миний хувьд монгол залуустай ажиллахад дотно санагддаг. Монгол хүүхдүүдийн хичээл зүтгэл, сахилга бат маш сайн байдаг” гэв. Тэрбээр 2019 оноос эхлэн биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байгаа билээ. 



Биатлоны спорт Монголд хэрхэн үүсэж хөгжсөн түүхийг сөхвөл, Монголын ууган спортын нэг цанын спорттой салшгүй холбоотой гэж болно. Манай улсад биатлоны спорт анх 1930-аад онд үүсэж, улмаар 1962 онд Олон улсын биатлоны холбоонд элсжээ. Харин тус холбоо байгуулагдахаас өмнө 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны хилийн чанад дахь тэмцээн байв. Тэр жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцохоор биатлоны шигшээ багаа байгуулсан түүхтэй.


Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финландаас спортын винтов буу оруулж ирснээр мэргэжлийн тамирчдаа бэлтгэж эхэлжээ. Үүний үр дүнд 1964 оны Австри улсын Инсбурк хотноо болсон 10 дугаар өвлийн олимпын наадамд тамирчнаа илгээсэн түүхтэй. Мөн 1978 онд Хандгайт дахь цанын баазад биатлоны анхны олон улсын болох социалист орнуудын нөхөрлөлийн тэмцээнийг зохион байгуулан ЗХУ, Болгар, Чехословак зэрэг 6 орны баг оролцож байв.

 

Түүнээс хойш энэ спорт улирлын чанартай эрчимтэй хөгжилгүй байсаар 1990 оноос эдийн засаг, нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан 20 гаруй жил тасарсан юм. 

Холбоотой мэдээ