Монгол амьтдын ертөнц “Говь” үзэсгэлэнг Прагийн амьтны хүрээлэнд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-22 19:48:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэнд монгол амьтдын ертөнц “Говь” үзэсгэлэнг гуравдугаар сарын 23-ны бямба гарагт нээнэ.


Дэлхийн хамгийн шилдэг амьтны хүрээлэнгүүдийн нэг болох Прагийн амьтны хүрээлэнд цөөхөн хэдэн улс л өөрийн гэсэн ийм үзмэрийн хэсэгтэй байдаг хэмээн БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил хэллээ.


Прагийн амьтны хүрээлэн нь Европт зөөвөрлөгдөн очсон тахийг устах аюулаас аврах ажилд хамгийн их хувь нэмрээ оруулсан, өдгөө ч тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажилд манлайлан оролцож буй газар юм. Тиймээс уг үзмэрийн хэсэгт мэдээж тахиас гадна "дэлхийн хамгийн ааш муутай муур" гэж хочлогддог мануул, олон сонирхолтой хөхтөн амьтан, хэвлээр явагчдыг үзэж сонирхох боломжтой ажээ.


Ташрамд дурдахад, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өнгөрсөн жил үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа, "Прагийн амьтны хүрээлэнгийн тахь амьдарч байсан газрыг шинэчилж, Монголын тал хээр, нугыг харуулсан "Бяцхан Монгол"-ыг бий болгохоор бид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тахь үзэхээр ирсэн үзэгчдэд уг амьтны байгаль дээрх амьдралын онцлогоос гадна тахийн уугуул эх нутаг монгол орны тал хээр, Монголд тахийг сэргээн нутагшуулсан тухай зэрэг бүхий л мэдээллийг цогцоор нь таниулах орчныг бий болгоно. Энэ нь тахь төдийгүй монгол орныг дэлхий дахинд сурталчлах, үүгээр дамжуулан тахийн талаар олон нийтийн дундах ойлголтыг шинжлэх ухааны үндэстэй гүн гүнзгий болгох гэхчлэн олон талын ач холбогдолтой гэж бид үзэж байгаа" гэж мэдээлж байсан юм. 


Холбоотой мэдээ