Тайваньд газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-04-03 15:27:08

ТАЙБЭЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /BBC/. Өнөө өглөө Тайванийн зүүн нутгийн Хуалянь хотын ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 736 хүн гэмтэж бэртжээ.


Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгдсэн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос өмнө зүгт 18 км-ын зайд, 15.5 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 100 гаруй чичирхийлэл бүртгэгдсэний ес нь дөрөв болон түүнээс дээш магнитудын хүчтэй байлаа. 


Тайваньд сүүлийн 25 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Тайбэй хотод мэдрэгдсэн бөгөөд барилгууд чичирхийлэн ганхаж байгаа нь дүрс бичлэгүүдээс харагдана.


Газар хөдөлтийн улмаас Японы ойролцоох арлууд, Филиппиний хойд хэсэгт цунамийн түгшүүр зарласан боловч дараа нь цуцалжээ. Япон, Хятад улсууд Тайваньд тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь аврах ажиллагаанд цэргүүдийг дайчилна гэж мэдэгджээ.

Г.Энхжин

Холбоотой мэдээ