ТӨВ: Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-04 09:02:52

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ныг хүртэлх хугацаа хуурайшилтын үе буюу “түймрийн аюултай үе” байдаг тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулан, зөвлөмж хүргэж байна.

 

Тухайлбал, Хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,


-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,


-Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,


-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,


-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,


-Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн юм.  


 

2022 онд Төв аймгийн хэмжээнд Мөнгөнморьт, Жаргалант, Лүн зэрэг суманд 6 удаагийн ой хээрийн гал түймэр гарч, түймрийг унтраахад орон нутгаас 309 иргэн, 68 автомашин, 4 морьтой ажиллаж, байгаль экологид их хэмжээний хохирол учруулсан байна.

 

2023 онд аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр бүртгэгдээгүй бөгөөд энэ талаар Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ц.Очирхуягаас тодруулахад, 2023 онд ой бүхий сумдын Засаг даргын захирамжаар хавар, намрын хуурайшилтын үеүдэд ойд үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон. Мөн хуурайшилтын үед 14 суманд 56 морин эргүүл, нөхөрлөл, аж ахуй нэгжийн 157 идэвхтэн байгаль хамгаалагч, 32 байгаль хамгаалагч идэвхтэй ажилласны үр дүнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлсэн” гэв.

 

Холбоотой мэдээ