Германд ажиллангаа мэргэжил дээшлүүлэх боломжтойг мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-05 19:35:26

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын ХАҮТ-ын тэргүүн Баухаус Дитер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирээд байна. Төлөөлөгчид монгол залуучууд Герман улсад ажиллангаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтой тухай өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм.


Германы төлөөлөгч нар үдээс хойш МҮХАҮТ-д зочилж удирдлагуудтай мөн дээрх үйл ажиллагааны талаар уулзлаа. Уулзалтаар Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, ХБНГУ-ын туршлага, Танхимын бүтцийг жишиг болгож ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хүний нөөц бэлтгэх хосолсон сургалтыг дэмжих, хувийн хэвшлийг төлөөлөхөд төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдийн засгийн салбарын урт хугацааны бодлоо гаргахад оролцож, төр, засгийн өөрчлөлтөөс үл хамаарсан чиглэл баримталж байдаг урт хугацааны институт болгохоор ажиллаж байгаагаа дурдлаа.


ХБНГУ-ын Эрфурт хотын ХАҮТ-ын ерөнхийлөгч Баухаус Дитер Герман улсын ХАҮТ нь DIHK төвтэй, 200 жилийн түүхтэй, 79 бие даан ажилладаг танхимтай,  гишүүнчлэлийн байгууллага гэдгийг танилцууллаа. Монгол Улсад бизнесийн төлөөллийн байгууллага Танхимын бүтцийг шинэчлэх чиглэлээр туршлага солилцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Германы “ФАВ-Сервис” компанийн гүйцэтгэх захирал (FAV-Service gGmbH) Шулер Хайко Монгол Улсаас мэргэшсэн ажилтнуудыг Герман улсад бэлтгэж цаашид Германд ажиллуулах зорилготой байгаагаа хэллээ. Энэ чиглэлээр “ФАВ-Сервис ТББ-ын Хөгжил төв ажиллаж буйг мэдээлж, герман хэлний B2 түвшинтэй, 18-26 насны залуучуудыг бүхий л чиглэлд зуучлалын хөлс авахгүйгээр ажиллуулж, сургах боломжтойг дуулгалаа. Гол нь хувийн хэвшлийн ААН-үүд өөрсдийн хэрэгтэй мэргэжилтнээ сургах захиалга өгснөөр Германы тал дэмжин 200-300 төрлийн хосолсон сургалтыг хэрэгжүүлж ажиллахыг хэллээ.


ААН-үүд салбарынхаа бүх төрлийг багтаасан судалгааг хийж байгууллагын ажилтнуудыг нарийн шалгаруулж сонгосноор компаниудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хоёр талын ийм хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамтран ажиллах боломжтой гэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, монгол залуучууд энэхүү сургалтад хамрагдсанаар тэдний эзэмшсэн ноу-хау, ур чадвар эргээд Монгол Улсад хөрөнгө оруулалт болж орж ирнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Холбоотой мэдээ