ХОВД: Баруун бүсийн бий биелгээний наадам энэ сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-09 14:20:26

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. "Алтан өв" баруун бүсийн бий биелгээ, монгол бүжгийн анхдугаар наадам дөрөвдүгээр сарын 26-29-ний өдөр Ховд аймагт болно. 


Тус наадам нь Ховд аймгийн "Олон угсаатны өв, соёл урлаг" хөтөлбөртэй уялдах ба монгол бүжиг, бий биелгээг хүүхэд, залууст уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, угсаатны бий биелгээний ялгаатай болон ижил төстэй шинж, намба төрхийг судлан тогтоох, өвлөн уламжлагчдыг дэмжихэд чиглэх юм.


Наадамд баруун бүсийн аймгууд болох Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн өвлөн уламжлагчид, монгол бүжиг сонирхогчид оролцож, авьяас ур чадвараа сорих боломжтой.  


Наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас, насанд хүрэгчид гэсэн ангиллын дагуу хамтлаг болон гоцлол төрлөөр өрнөнө. Одоогоор оролцогчдын бүртгэл хийж байна. 

 

“Алтан өв” наадмыг өмнөх жилүүдэд нэрт бийч, бүжиг дэглээч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит болгон зөвхөн Ховд аймагт зохион байгуулж байсан бол энэ жил наадмын хамрах хүрээг бүсийн хэмжээнд өргөжүүлэхээр болжээ.  


Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байна. 






Холбоотой мэдээ