ДАРХАН-УУЛ: Залуучууд театр явуулын тайзтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-15 10:45:31

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар болон тус газрын харьяа Залуучууд театр, Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Шарын гол, Орхон, Хонгор сумын соёлын төвүүдэд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ.




Соёлын орон зай, соёлын орчин бүрдүүлж улмаар соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд гадна зориулалттай 6x12 хэмжээтэй зөөврийн лед дэлгэц, 16х10 метр зөөврийн тайз, ухаалаг дэлгэц компьютер, принтер зэргийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хүлээлгэн өглөө.




Энэ хөрөнгө оруулалтаас гадна Дархан-Уул аймагт энэ онд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын байгууллагуудын төрийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг мөн шинэчлэх юм.




Залуучууд театр, аймгийн музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, гурван сумын соёлын төвүүд 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 нэр төрлийн 113 ширхэг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан. Ингэснээр иргэд олон, нийтэд соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл боломж бүрдэж байна гэж аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.




Шинээр барьж буй Музей, номын сангийн цогцолборын барилга угсралтын ажилд өссөн дүнгээр 9.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.



Холбоотой мэдээ