ОРХОН: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-25 12:36:53
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/ БОАЖЯ, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт”, Орхон аймгийн ЗДТГ хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах бүсийн сургалт зохион байгуулж байна.  


Орхон аймаг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн урт хугацааны бодлогоороо бүс нутагтаа манлайлах зорилгоор өнгөрсөн оноос олон улсын сургалтад хамрагдаж, бодлогын баримт бичгээ боловсруулаад байна. Энэ удаагийн сургалтад өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байна.


Тухайлбал, “Ногоон Эрдэнэт” бодлогын бичиг баримтад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, бүх нийтээрээ мод тарих дадлыг хэвшүүлэх, тарьсан модныхоо тоогоор урамшуулал олгож идэвхжүүлэх, усны зохистой хэрэглээг бий болгоход чиглэсэн зэрэг олон ажлаасаа хуваалцсан юм.


Дээрх сургалтад Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг таван аймгийн 60 гаруй иргэн, төрийн албан хаагч, байгаль орчны мэргэжилтнүүд оролцож байна. Сургалтын үр дүнд эдгээр таван аймгаас гадна нийт 12 аймаг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлогын баримт бичгээ боловсруулах юм.  


Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь "Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжуулэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах нь" төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.

 

 

  

Холбоотой мэдээ