БУЛГАН: Хүүхэд хамгааллыг хамтдаа хөгжүүлэхээр хамтарсан баг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-25 14:09:48

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 25  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан "Хүүхэд хамгааллыг хамтдаа хөгжүүлье" үйл ажиллагааг сумдад зохион байгуулах хамтарсан баг дөрөвдүгээр сарын 19-24-нд Могод, Хишиг-Өндөр, Орхон суманд ажиллаж байна.



Тус багийнхан хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр асуудал сонсох ажлыг зохион байгуулах, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад хүүхэд өсвөр үеийнхний төлөө ажиллах “Хүүхдийн элч”-ийг сонгох, Тусгай хэрэгцээт хүүхдийн талаар үе тэнгийнхэнд нь зориулсан “Хамтдаа хөгжье” нөлөөллийн сургалт хийх, 2-17 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулах, эрсдэлт нөхцөлд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон судалгааг шинэчлэх, тулгамдсан асуудлуудыг сонсох, мөн явуулын номын сангаар үйлчлэх юм.



Хамтарсан багийн бүрэлдэхүүнд Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Номын сан зэрэг байгууллагын төлөөлөл орсон байна.


Номын санг төлөөлж аргазүйч Ч.Цэндмаа хөдөөгийн хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгсдэд "Нүүдлийн номын сан"-гийн үйлчилгээ болон "Бүх нийтийн соёлын боловсрол"-ын соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулж буйд иргэд талархалтай байна.



Холбоотой мэдээ