Шведийн Хаант Улстай соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-25 18:01:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Соёлын яамны төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Стокхолм хотод 2024 оны 4 дүгээр сарын 23-25-нд ажиллалаа.


Энэ үеэр Монголын түүхэнд холбогдох олон тооны соёлын өвийн дурсгалууд хадгалагдаж байдаг Угсаатны зүйн музей, Дорно дахины эртний эдлэлийн музей, Уппсалагийн их сургууль зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзав. Мөн Монголын холбогдолтой 2000 орчим соёлын өв, дурсгал хадгалагдаж буй Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн дэд захирал Карл Магнуссонтой хоёр талын уулзалт хийлээ.


Уулзалтаар Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн соёлын музейн Дэд захирал Карл Магнуссон нар Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музей хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.


Мөн Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн харьяа Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Богд Зонхов зэрэг бурхан шашны эд зүйлс болон шашны зан үйлийн зарим үзмэртэй танилцсан юм. Талууд санамж бичгийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн талаар судалгаа хийж, каталогчлох, бүртгэлийн сан үүсгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.


Монгол Улсын Соёлын яамнаас гадаадын улс орнуудад хадгалагдаж буй соёлын өв, дурсгалыг бүртгэх, судлах, таниулан сурталчлах чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллан, судалгааны материалуудыг нэгтгэн 12 боть номыг хэвлэн гаргасан. Цаашид дэлхийн бусад улс оронд байгаа Монголын түүх, соёлд холбогдох өвийг судлан тогтоох, бүртгэлжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэж Соёлын яам мэдээлэв.

Холбоотой мэдээ