СЭЛЭНГЭ: “Таван хан” уулсын тухай

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-05-05 14:07:45

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ түмний их шүтээн “Таван хан” уулсын тухай өгүүлье.

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө нар мандмагц уул, ус хоорондоо уур манангаар золгодог юм гэнэ. Харин хүмүүс мандах нарны туяа хамгийн түрүүнд туссан уулаа “Хан уул” хэмээн дээдлэн золгож, бишрэн хүндэлдэг.

 

Энэ ёсон анх тогтож эхэлсэн тээр жилийн шинийн нэгний өглөө Бүрэн, Товхон, Баян, Дэлгэр, Дулаан хэмээх таван уулын оройд нар зэрэг туссан тул лусын хаан бүгдэд хан цол олгосноор Бүрэнхан, Товхонхан, Баянхан, Дэлгэрхан, Дулаанхан хэмээн нэрийдэх болжээ.

 

Харин таван уулын тэргүүн ямагт бие биенээ харж байдаг болохоор маргаан ч гараагүй гэдэг.

 

Баянхан хайрхнаа Сүхбаатарынхан, Ноён уулаа Мандал, Баянголынхон, Дулаанхан уулаа Шаамар сум, Дулаанхан тосгоныхон, Дэлгэрхан уулаа Хүдэр, Ерөө, Жавхлант сум, Бүрэнхан уулаа Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумынхан тахиж, овоо тахилгын бэсрэг наадам хийдэг уламжлал тогтоод байна.

 

 БАЯН ХАН УУЛ

Улсын хил дагуу орших Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зүүн хойно байрладаг, 1048 метр өндөр. Олон хэлийн улс нутаглаж, баян сайхан амьдардаг болохоор Баянхан хэмээн нэрийджээ. Жил бүрийн сайн өдрийг сонгон уул усаа тахидаг уламжлалтай.

 

ТОВХОН ХАН УУЛ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байдаг сөнөсөн галт уул юм. 1604 метр өндөр. Олон өвөлжөө, бууц, орон хийд суурьшсан болохоор нь Товхонхан хэмээн нэрлэжээ.

 

ДЭЛГЭР ХАН УУЛ

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг. Зуд турхан багатай, эрт урь унаж, орой сэрүүн болдог болохоор нь Дэлгэрхан хэмээн нэрлэсэн байна.

 

ДУЛААН ХАН УУЛ

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг. Ямар ч өвөл цас тогтдоггүй, нөмөртэй болохоор нь Дулаанхан хэмээжээ.

 

Дулаанхан ууланд ходоод дотрын рашаан, байгалын музей, Чингисийн тэвэг, Чингисийн мөр, Элгэн хадан цохио зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуу элбэг арвин баялагтай.

 

БҮРЭН ХАН УУЛ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд оршдог. Бүрэнгийн нуруу гурван аймгийн есөн сумын нутаг дамнадаг. Бүрэн хан уулын өвөр Эвэн голын захад ойт хээрийн бүсэд оршдог. 1818 онд дархлагджээ.

 

Хар мод, хус, хуш, улиас, нарс бүх төрлийн ан амьтад, жимс байдгаараа бүрэн нэрийг авсан хан уул юм. Бүрэн хан уулын баруун хойд талаар эмийн ургамал элбэг бөгөөд араар нь Сэлэнгэ мөрөн урсаж, өврөөр нь Орхон гол урсдаг байна.

 

Өвөг дээдсийн үеэс Бүрэнгийн нуруу, Бүрэн хан уулыг жил бүрийн 5-р сард тахидаг байжээ. 1993 онд Бүрэнгийн овоо тахилгыг сэргээсэн байдаг. Бүрэнгийн нуруу бол уулан дээр уул тавьчихсан юм шиг тийм сүрлэг уул юм.

 

Холбоотой мэдээ