Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагаар энгийн ажилтнаас захирлын түвшний ажил санал болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-09-11 13:26:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 14-нд "Эх орондоо ажиллацгаая" хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг МҮХАҮТ-д болох бөгөөд Үндэсний томоохоон 50 ААН, байгууллага 500 ажлын байрыг нээлттэй зарлах гэж байна.
Үзэсгэлэн яармаг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ, Шинэ хөгжлийн түлхүүр /MSDI/ ТББ хамтран ГХЯ дэмжлэгээр МҮХАҮТ-ын хамтын оролцоотой болох юм.
НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Гадаадад их дээд сургууль төгссөн залуус Монголдоо ирээд хаана ажиллах мэдээллийг төдийлөн авч чаддаггүй. Тиймээс энэ талын мэдээлэл өгөх, гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явж буй залуусын урсгалыг багасгах, Улаанбаатар хотод ажил эрхлэх ямар боломж байгааг таниулах, гадаадад боловсрол эзэмшин, хөдөлмөр эрхэлж байсан иргэдээ эх орондоо хөдөлмөр эрхлэх, тэднийг бодлогын хувьд дэмжих зорилгоор үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. Мөн залуус ажилд ороход юунд анхаарах, ажлын ярилцлага хэрхэн өгөх, өөрийн давуу талаа яаж ойлгуулах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. ААН, байгууллага шинэ ажилтандаа өндөр цалин  амлах боломжгүй тэр хүн өөрийгөө таниултал туршилтын хугацаанд ажиллах болдог. Энэ хугацаанд тухайн ажил горлигч өөрийн мэдлэг боловсролыг таниулах, ажлыг голох биш, ажлын байрандаа гологдож байгаа эсэхээ мэдэх нь чухал” гэлээ.
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт “MN world” телевиз, “Гоёо кашемир", “Говь кашемир”, “Шунхлай”, “Юнител”, “Голомт банк”, “BSB” “Петровис”, “Бодь”, “Монос”, “Бишрэлт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Монполимент” “АПУ”, “Ази фарм” зэрэг  компани, ААН, байгууллага оролцон энгийн ажилтнаас захирлын түвшний ажлыг санал болгох юм байна.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангах зорилгоор НЗД-ын Хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ гурван талын санамж бичиг байгууллаа.
 
 
Б.Янжиндулам
 

Холбоотой мэдээ