Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганаар Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 454.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 51 төсөл хэрэгжүүлэхээр баталжээ.
Үүнээс ирэх онд 138 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тодруулбал, 91.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 39 төслийг шинээр эхлүүлэх бол 46.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 12 төслийн ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болжээ.
Ирэх онд боловсролын салбарт хамгийн их буюу 62 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 23 төсөлд хөрөнгө оруулна.
Тухайлбал, Өмнөговь суманд 640, Зүүнхангай, Малчин сумдад тус бүр 320 хүүхдийн суудалтай сургууль, Өндөрхангай суманд 150 ортой цэцэрлэг шинээр барина. Мөн Зүүнхангай сумын цэцэрлэгийг 75 ороор өргөтгөж, Ховд суманд сургуулийн спорт заал барина. Улаангом сумын ерөнхий боловсролын II сургуульд 640 суудалтай шинэ барилга, спорт заал барихаас гадна их засвар хийнэ. Харин I сургуульд урлаг, спортын заал барьж, VI сургуулийг өргөтгөх юм. Түүнчлэн III, IV сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ “Шүд угаах цаг” хөтөлбөрийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Үүнээс гадна Улаангом сумын олон улсын стандарт хөтөлбөртэй сургуулийн дотуур байр, хөл бөмбөгийн талбай, Бөхмөрөн, Өндөрхангай, Давст, Завхан сумдын сургууль, Наранбулаг сумын цэцэрлэг, Баруунтуруун сумын спорт заалны өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлнэ.
Зам тээврийн салбарт 32.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр есөн төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаангомоос Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сум хүртэлх нийт 164.5 км авто замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ.
Мөн А1701 авто замаас Өмнөговь сум чиглэлийн 25.4 км, Хар толгой-Тариалан чиглэлийн 20.7 км, Түргэн сумыг А1702 авто замтай холбох 3.3 км зам барина. Түүнчлэн сумын төвийн хатуу хучилттай зам, Улаангом–Хандгайт чиглэлийн авто замын их засварын ажлыг хийж, Улаангом сумын Дунд гол, Хойд голд бетон гүүр шинээр барихаар төлөвлөжээ.
Харин Сагил сум чиглэлийн 4.9 км авто замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ.
Эрчим хүчний салбарт 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нэг төсөл шинээр эхлүүлнэ. Тодруулбал, Тариалан, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Улаангом, Ховд сумын цахилгаан хангамжийг өргөтгөж шинэчлэх юм.