Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн аялал жуулчлалын салбарынхан өчигдөр зөвлөлдөж, ирэх онд хамтран хийх ажил, аялал жуулчлалын гол маршрут болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тус аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад жуулчны бааз, амралтын газар, зочид буудал, зоогийн газар зэрэг 30-40 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 50 гаруй хүн оролцов. Уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулжээ.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцэж, 2027 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов. Тухайлбал, аймгийн аялал жуулчлалын гол маршрутуудыг нэгтгэж, жуулчдад санал болгох нэгдсэн чиглэл гаргах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлах маршрутыг тодорхойлох асуудлыг хөнджээ.
Мөн аялал жуулчлалын бүс нутгийн онцлог, үйлчилгээний боломжийг сурталчлах танилцах аялал зохион байгуулах, аймгийн Аялал жуулчлалын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар ярилцлаа.
Энэ үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос олон улсын үзэсгэлэнд оролцох боломж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын талаар танилцуулсан бол орон нутгийн Аялал жуулчлалын холбооноос гишүүнчлэлийн давуу тал, аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.
Уулзалтад оролцогчид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн аялал жуулчлалын нөөц, боломжийг бүрэн ашиглах шаардлагатайг онцоллоо. Улмаар хамтын ажиллагаанд тулгуурлан Булган аймгийг аялал жуулчлалын тэргүүлэх бүс болгон хөгжүүлэхээр санал нэгдэв.