Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн өвөрмөц тогтоц, нутгийн иргэдийн өв соёлыг сурталчлах зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 15, 16-нд Рэнчинлхүмбэ суманд “Жаргалантын голын үзэсгэлэн-2027”-г зохион байгуулна.
Энэ үеэр дархад түмний дуу хуур, ёс заншил, уламжлалт өв соёлыг Жаргалантын голын хөвөөнд танилцуулахаас гадна цэвэр агаарт төрөл бүрийн уралдаан, тэмцээн болно.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жаргалантын гол нь сүүлийн жилүүдэд өвлийн улиралд гадаад, дотоодын аялагчдын зорин очдог аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг болжээ.
Идэр есийн хүйтнээр агаарын температур -38-40 градус хүрсэн ч Жаргалантын голыг зорих аялагчдын хөл тасардаггүй аж.
Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайд оршдог Жаргалантын гол нь -50 градуст хөлддөггүй учраас нутгийн иргэд “амьд устай” гол гэдэг.
Жаргалантын голын харз нь өвлийн улиралд аялагчдын сонирхлыг ихээр татдаг. Голын усанд ургасан өвс, ургамал хүйтний улиралд ч ногоон хэвээр байдаг нь байгалийн өвөрмөц тогтцын нэг юм. Түүнчлэн уснаас дээш хөөрөх уур манан нь ойр орчмын мод, бутыг цантуулж, өвлийн үзэсгэлэнт төрхийг бүрдүүлдэг. Энэхүү өвөрмөц тогтцыг сонирхох, гэрэл зураг авах зорилгоор гадаад, дотоодын аялагчид Жаргалантын голыг зорих болжээ. Харин газрын гүнээс ундардаг голын ус зуны улиралд ч хүйтэн байдаг аж.
Жаргалантын гол нь Улаанбаатар хотоос 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд оршдог.