Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хатуу түлшийг нийслэлд 2040 он гэхэд хэрэглэхээс бүрэн татгалзах хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөг 15 яам, холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, 64 ажил хийхээр төлөвлөжээ.
Үүний тулд дулаан хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлж, айл өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, хийн халаалтад үе шаттай шилжүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулж, нийслэлээс гадна аймгуудын хот, суурин газрын түлшний хэрэглээг өөрчлөх юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээвэр, эрчим хүчний хэмнэлтийг дэмжиж, ногоон санхүүжилтийн тогтолцоог өргөжүүлэх шаардлагатайг өрхийн түвшинд цэвэр, аюулгүй, найдвартай, өртөг бага халаалтын хэрэглээнд шилжих бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр зохион байгуулсан салбар дундын уулзалтын үеэр ярилаа.
“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” уулзалтыг БОУАӨЯ, ЭМЯ, ХББОСЯ, ЭХЯ, НЗДТГ хамтран ДЭМБ-ын дэмжлэгээр зохион байгуулсан форумыг БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир нээж хэлэхдээ, агаарын бохирдол багассаныг зөвхөн түлш солих, яндангийн тоог цөөлснөөр хэмжихгүй. Үүнийг хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, барилгын дулаан алдагдал зэрэг салбарын бодлоготой уялдуулан шийдэх шаардлагатайг онцлов. Тэрбээр, “Агаарын бохирдлыг багасгах хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөс хамааруулахгүй, хувийн хэвшил, олон улсын санхүүжилт, карбон зах зээлийн боломжийг ашиглах нь чухал. Бид бохирдол үүсгэж буй суурь шалтгааныг арилгаж, урт хугацаанд тогтвортой ажиллах бодлогын тогтолцоог бий болгохыг зорьж байна” гэлээ.

2024 оны байдлаар Монгол Улсын хот суурин газрын хүн амын 76, хөдөөгийн хүн амын 22 хувь нь хоол хүнс бэлтгэхдээ цэвэр түлш, технологи ашиглаж буй баримт бий. ДЭМБ-ын тооцоогоор 2021 онд манай улсад агаарын бохирдол нь нас барсан 2,895 тохиолдолд нөлөөлсөн судалгаа байна. Үүнд хүүхэд, жирэмсэн ээж, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс хамгийн их өртөж байгааг ЭМЯ-ны судалгаагаар баталсан байна.
Статистик мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 10 мянган хүн амд ногдох амьсгалын замын өвчлөл 1,848.9, зүрх судасны тогтолцооны өвчлөл 1,340.9 болж, сүүлийн 10 жилийн дунджаас тус тус 238.9-198.7 тохиолдлоор нэмэгджээ.