Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ХАНЖӨҮ, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /Xinhua/. Хятадын технологийн томоохон компани болох “Alibaba Group” АНУ-ын “Apple” компанитай түншлэхээр болсноо мэдэгджээ. Уг түншлэлийн хүрээнд тус компанийн “Qwen” хиймэл оюуны загварыг “Apple Intelligence” системд нэгтгэхээр болсон байна.
“Alibaba” компанийн мэдээлснээр, “Qwen” загварт суурилсан функцийг энэ сарын 4-нөөс “iOS” үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбарыг хөгжүүлэгчдэд зориулсан бета хувилбарт туршиж эхлэх бол 12 дугаар сард Хятадын хэрэглэгчдэд зориулан “iOS 27.3” хувилбарыг албан ёсоор гаргах ажээ.
Энэхүү түншлэлийн хүрээнд Qwen хиймэл оюуны загварын боломжуудыг "Apple"-ийн үйлдлийн системийн төрөл бүрийн хэрэгслүүдэд нэгтгэх юм. Тухайлбал, Хятадын хэрэглэгчид Siri дуут туслах, “Writing Tools” бичвэр боловсруулах, болон "Visual Intelligence" функцийг ашиглахдаа текст, дүрслэлийг шинжлэх, мөн контент бүтээхэд Qwen-ийн боломжуудыг ашиглах боломжтой болно.
Хэрэглэгчид "Qwen" загварын интеграцчиллыг идэвхжүүлэх эсэх, мөн ямар мэдээллээ хуваалцахаа өөрсдөө сонгох боломжтой. Түүнчлэн "Alibaba" компани хэрэглэгчдийн хүсэлт болон хиймэл оюунаас үүсгэсэн хариултыг загвар сургахад ашиглахгүй гэж мэдэгджээ.
Энэхүү функцийг Хятадад "Apple Intelligence"-ийг дэмждэг "iPhone" гар утас худалдан авсан хэрэглэгчид ашиглах боломжтой. Мөн төхөөрөмжийн байршил болон Apple Account дахь улс, бүс нутгийн тохиргоо нь хоёулаа Хятад гэж тохируулагдсан байх шаардлагатай.
“Apple Intelligence” нь 2024 онд зохион байгуулсан Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын /WWDC/ үеэр анх танилцуулсан “Apple” компанийн хиймэл оюуны систем юм.
Хятадын цахим орон зайн асуудал эрхэлсэн байгууллага "Apple Intelligence"-ийг дэмждэг ухаалаг гар утсанд зориулсан, төхөөрөмж дээр шууд ажилладаг хиймэл оюуны долоон үйлчилгээг өнгөрсөн долоодугаар сард зохицуулалтын хүрээнд бүртгэж дуусгажээ.