Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төв (World Competitiveness Center)-өөс эрхлэн гаргадаг Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 70 орноос Монгол Улс 52.62 оноогоор 67 дугаар байрт жагслаа.
Өмнө нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан” нэрээр танилцуулдаг байсан энэхүү судалгаа нь 2026 оноос эхлэн хиймэл оюуны хөгжлийн нөлөө, хэрэглээ, түүнийг нэвтрүүлэхэд шаардлагатай институтийн болон нийгмийн орчныг илүү өргөн хүрээнд авч үзсэнээр “Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээ” хэмээн шинэчилжээ. 2026 оны үнэлгээний нэг онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэх чадвараас гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгэмд үр бүтээлтэй ашиглах нөхцөлийг үнэлж байгаа явдал аж.
Үнэлгээг дараах таван үндсэн бүлгийн хүрээнд хийв. Үүнд:
Засаглал-Дижитал технологи, хиймэл оюуны хариуцлагатай хөгжлийг дэмжих эрх зүй, зохицуулалт, институцийн орчин;
Технологи ба дэд бүтэц-Дижитал болон хиймэл оюуны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн, санхүүгийн болон судалгааны дэд бүтэц;
Үр ашиг-Дижитал технологи, хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаа болон байгууллагын практикт нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах чадвар
Ажиллах хүчний хөгжил-Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын тогтолцоо, ур чадвар;
Үнэт зүйлс-Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ёс зүй, нийгмийн хандлага болон итгэлцэл.
Уг таван бүлэг нь тус бүр гурван дэд бүлэгтэй бөгөөд нийт 15 дэд бүлгийн хүрээнд 88 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварыг үнэлжээ. Үнэлгээнд 51 статистик мэдээлэл болон 37 санал асуулгын үзүүлэлт ашигласан байна. Дэд бүлгүүдийн хувьд “Боловсрол ба сургалт”-аар 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын хамгийн сайн үзүүлэлт болов. Харин бизнесийн уян хатан байдлаар 70 орноос 70 дугаарт жагссан нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ. Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс тэргүүлсэн нь онцлох үр дүн аж. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдэд сул үр дүнтэй байна.
Дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр тодорхойлохгүй бөгөөд тэдгээрийн эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж байгаагаас хамаардаг байна.