Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. АНУ, БНХАУ хиймэл оюуны асуудлаар шинэ яриа хэлэлцээ эхлүүлж байгаа тухай АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн үүргийн дагуу бид Хятадтай хиймэл оюуны асуудлаар шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна” гэж тэрбээр Америк-Хятадын харилцааны асуудал эрхэлсэн Үндэсний хорооны хуралд үг хэлэхдээ мэдэгджээ. Уг яриа хэлэлцээ нь хиймэл оюуны салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс хоёр улсыг хамгаалахын зэрэгцээ харилцан үл ойлголцол үүсэхээс сэргийлэх зорилготой болохыг тэрбээр онцолсон байна.
“Түүнчлэн бид дэвшилтэт загваруудыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө үнэлж турших явцад хуримтлуулсан туршлагаа солилцохыг зорьж байна. Ингэснээр энэ технологийг хөгжүүлэх, ашиглахад хүний шийдвэр, хяналт голлох үүрэгтэй байх юм” гэж С.Бессент нэмж дурджээ.
Мөн хоёр улс хиймэл оюунтай холбоотой ноцтой хэрэг, зөрчлийн талаар аль нэг тал нь нөгөө талдаа шуурхай мэдэгдэх боломжийг бүрдүүлэх шууд харилцааны суваг бий болгож байгаа аж.
“Хиймэл оюун хурдацтай хөгжиж байна. Тиймээс эрсдэлийн удирдлагын шинэ чиглэлүүдэд хамтран ажиллахын сацуу манай хоёр агуу гүрэн өрсөлдөөнийг хариуцлагатай манлайлалтай хэрхэн хослуулж чаддагийг харуулах шаардлагатай байна” гэж С.Бессент онцлон тэмдэглэсэн байна.