Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2026-2027 онд 19 сумын 101 багийн 3.7 сая га бэлчээрт 8.1 мянган хот айлын 19.7 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.4 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 13.3 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг хангуулсан.
Аймгийн 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 13.2 хувьд бэлчээрийн нөөцтэй, 19.5 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 53.2 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 8.1 хувьд нь даац 3-5 дахин хэтэрсэн, 6.0 хувьд даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 32.7 орчим хувьд хүрэлцээтэй, харин 67.3 орчим хувьд хэтэрсэн байна.
Тариат, Өндөр-Улаан, Булган, Өлзийт, Хашаат, Батцэнгэл, Цэнхэр сумын нутгаар зуншлага оройтсоноос бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарчээ.
Ус цаг уур орчны шинжилгээний газрын бэлчээрийн бодит ургацыг тогтоосон дүнгээр зуны бэлчээрийн ургац га-д 3.3 цн дундажтай гарсан дүн мэдээтэй. Энэ нь өмнөх оныхоос 1.2 цн-ээр бага үзүүлэлт юм.
19 сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлангаар бэлчээрийн даац аймгийн дунджаар 2.9 дахин хэтэрсэн үзүүлэлтэй байна. Отрын бэлчээрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт 330.9 мянган га отрын бэлчээр байгаа нь аймгийн нийт бэлчээрийн талбайн 8.8 хувийг эзэлж байна.
Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд улсын болон орон нутгийн төсөв, малчдын санаачилгаар 40 худгийг шинээр гаргасан байна.