Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймагт бог малын хээлтүүлэгч, хээлтэгчийн харьцаа алдагдаж, нэг хуцад дунджаар 94 эм хонь, нэг ухнад 83 эм ямаа ногдож байна. Иймээс малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулах зорилгоор Хотонт үржлийн хэсгийн хонийг бие даасан үүлдэр болгон баталгаажуулахаар зорьж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Орон нутгийн төсвийн санхүүжилтээр 10 мянган толгой үржлийн хонинд үзлэг, ангилалт хийжээ. Үүнээс 2055 хээлтэгч, 343 хээлтүүлэгч, нийт 2398 толгой хонийг сонгон ялгаж, тэмдэглэн бүртгээд малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулсан байна. Энэ нь Хотонт үржлийн хэсгийн цөм сүргийг бүрдүүлж, тоо толгойг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Аймгийн ХХААГ-аас ХААИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтран Хотонт үржлийн хэсгийн хонийг үүлдэр болгон баталгаажуулах судалгаа шинжилгээний ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Судалгаагаар 2025 онд 11 өрхийн Хотонт үржлийн хэсгийн 46 хурганы амьдын дундаж жин 36.2 кг байсан бол 2026 онд цөм сүрэг бүхий зургаан өрхийн 129 хурганы амьдын дундаж жин 39.5 кг болжээ. Энэ нь нутгийн монгол хурганы дундаж жингээс 3.3 кг-аар илүү үзүүлэлт юм. Мөн хонины араг ясны сээр, хавирга, харцага, ууцны нугаламын тоог судлахад хамрагдсан нийт хонины 75 хувьд сээр, харцаганы нугаламын тоо илүү байгааг тогтоожээ.
Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонт суманд үржүүлж байна. Эдгээр хонийг мах, өөх, бүдүүн ноосны чиглэлээр өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх юм.