Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх үйлсэд хувийн хэвшлийн оролцоо чухал хувь нэмэр оруулсаар байна.
Тэдний нэг Хаан банк бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос хэрэгжүүлж буй “Хаан банкны ой” хөтөлбөрөөр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг тогтвортой хэрэгжүүлсээр иржээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны 40, Төв аймагт 400, Хэнтийд 200, Өвөрхангайд 220, Сэлэнгэд 30 га талбайг ойжуулсан байна.
Харин 2026 онд ойжуулах ажлыг өргүүлэн 600 га талбайд мод тарихаар төлөвлөсний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд 200, Увс аймгийн Түргэн суманд 80, Өндөрхангайд 120, Дорнод аймгийн Баян-Уул суманд 200 га талбайг ойжуулахаар холбогдох талуудтай гэрээ, санамж бичиг байгуулав. Дорнод аймгийн Баян-Уул суманд 200 га талбайг ойжуулахаар Хаан банк болон аймгийн удирдлага, ойн салбарын холбогдох байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр “Хаан банкны ой” хөтөлбөрийн хүрээнд тарьж, ургуулсан модны тоо дөрвөн саяыг давж, ойжуулсан нийт талбай 1490 га-д хүрч байна.
Онцлон тэмдэглэхэд, ойжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, тарьсан моддын арчилгаа, хамгаалалт, тордолтыг гурван жилийн хугацаанд хариуцахаар төлөвлөж байгаа нь модны ургалт, амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.