Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Соёлын тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 65 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон орон даяар тэмдэглэдэг.
Энэ жилийн аяныг “Монгол бахархал” уриан дор зохион байгуулж байна. Аяны зорилго нь үндэсний бахархал, эх оронч үзэл, түүхэн ухамсрыг бэхжүүлэх, түүхэн үйл явдал, суут хүмүүсийн гавьяа, бүтээл туурвилыг олон нийтэд таниулах, байгууллага, уран бүтээлчдийн бүтээлч санаачилгыг дэмжихэд чиглэжээ.
Аяныг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоног бүр тодорхой сэдвийн дагуу дөрвөн үе шаттайгаар бүтэн сарын турш өрнүүлэх юм.
Эхний долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 1-8-нд “Үндэсний бичиг соёл” сэдвийн хүрээнд ном, утга зохиол, хэл, өв соёл, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд аймгийн Нийтийн номын сан “Бичигтэн” уран бичлэгийн сургалтын төвтэй хамтран сургалт, өдөрлөг хийв.
Өдөрлөгөөр монгол уран бичлэгийн бүтээл болон ном, товхимлын үзэсгэлэн гаргаж, сурагчдад монгол бичгийн түүх, хөгжил, соёлын өвийн үнэ цэнийн талаар мэдлэг олгожээ. Мөн бийр анхлан барьж буй хүүхдүүдэд монгол бичгээр бичих анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлсэн байна.
Монгол бичиг нь мянга гаруй жилийн түүхтэй, босоо бичлэгийн өвөрмөц тогтолцоотой үндэсний бичиг юм. Чингисийн чулууны бичиг зэрэг түүхэн дурсгал, ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол уран бичлэгийн уламжлал нь монголчуудын түүх, хэл, соёлын үнэт өвийг өнөөг хүртэл хадгалан уламжилж иржээ.