Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Зөвлөлдөх ардчиллыг орон нутагт төлөвшүүлж, иргэдийн оролцоонд тулгуурлан тулгамдсан асуудлыг тодорхойлон, хамтран шийдвэрлэх зорилготой “Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй” сургалт энэ сарын 8-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд боллоо.
Сургалтад аймгийн 19 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нар зэрэг 120 гаруй албан хаагч оролцов.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар сургалтад оролцож, төрийн шинэчлэл, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр төрийн бодлого, үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг нэгж нь баг бөгөөд төрийн нүүр царай нь багийн Засаг дарга нар гэдгийг онцлов. Багийн түвшинд тулгамдаж буй асуудал олон боловч тэдгээрийг шийдвэрлэх хүн хүч, техник хэрэгсэл, санхүүгийн боломж хомс байгааг тэмдэглээд, багийн Засаг дарга нарын цалин хөлс, ажиллах нөхцөл, техник хэрэгсэл, үйл ажиллагааны санхүүжилтийг сайжруулах шаардлагатайг дурдлаа.

Г.Занданшатар “Төрийн бодлого, удирдлага, хариуцлагын тогтолцоо дээрээсээ ч, доороосоо ч цэгцэрч байж ажил урагшилна. Төрийн шийдвэр албан тасалгааны цонхоор харсан амьдралд бус, газрын хөрсөн дээрх бодит нөхцөл байдалд үндэслэх ёстой” гэв.
Тэрбээр орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар гарсан саналыг бодит шийдвэр болгох нь чухал болохыг онцоллоо. Тухайлбал, Хэнтий аймгийн багийн Засаг дарга нартай хийсэн зөвлөлдөх уулзалтаар хөндөгдсөн цалин хөлсний асуудлаар холбогдох байгууллагад санал тавьж, багийн Засаг дарга нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг төсвийн хэлэлцүүлэгт тусгуулахаар ажилласнаа мэдээлэв.
Архангай аймгийн багийн Засаг дарга нар багуудад хуваагдан зөвлөлдөж, орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов. Тэд залуу малчдыг дэмжих, малчдын нийгмийн баталгааг сайжруулах, багийн төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих, боловсрол, цахим орчин, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, үйлдвэрлэлийг сэргээх зэрэг саналыг дэвшүүлсэн юм.

Түүнчлэн газар тариалан, хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, сум хоорондын зам, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүртээмжтэй хүргэх шаардлагатайг онцоллоо.
Мөн багийн Засаг даргад тухайн орон нутгийн иргэдийн амьдрал, нөхцөл байдлыг сайн мэддэг, анхан болон дунд шатны байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүнийг сонгох, багийн Засаг даргаар хоёр удаа дараалан ажилласан байх зэрэг шалгуур тавих саналыг хэлэлцүүлэхээр дэвшүүлэв.
Зөвлөлдөх санал асуулга нь иргэдэд тухайн асуудлаар тэнцвэртэй, бодит мэдээлэл өгч, олон талын байр суурийг хэлэлцүүлсний дараа саналыг нь дахин авч, шийдвэр гаргах үйл явцад тусгадаг ардчиллын чухал арга юм. Монгол Улсад 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг аргачлалыг 2017 онд баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар эрх зүйн хувьд зохицуулсан. Зөвлөлдөх ардчиллын гол зорилго нь иргэдийн дуу хоолойг сонсохоор хязгаарлахгүй, саналыг нь шийдвэрт тусгаж, гарсан үр дүнг эргэж мэдээлэхэд оршдог. Төрийн шинэчлэлийг иргэдийн оролцоонд тулгуурлан эхлүүлж, баг, сум, аймаг бүрд бодит үр дүнд хүргэхэд энэхүү сургалт, зөвлөлдөх уулзалт чиглэж байна.

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ
ЗАВХАН
ЗАВХАН: Спортын их наадмын шагналаа эрүүл мэндийн салбарт зориуллаа
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа