Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Бямбадорж үндэсний бичгээ өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж, бусдад заан сургаж байна. Тэрбээр хурлын тэмдэглэл, ажлын төлөвлөгөө, тайлан зэрэг албан бичиг баримтаа үндэсний бичгээр хөтөлж хэвшжээ.
-Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг ч гэлээ, бүжигчин хүн монгол бичгийг идэвх зүтгэл гарган сайн суралцаж байгаа нь сайхан санагдлаа. Ингэж суралцахад юу нөлөөлөв?
-Намайг Мөнгөнийхөн овогтой Баярсайханы Бямбадорж гэдэг. Баян-Өндөр суманд Соёлын төвийн бүжгийн багш, Орон нутаг судлах танхимын ажилтан.
2014 онд МУБИС-д суралцаж байхдаа зуны хичээлээр үндэсний бичгийг сонгосон юм. Тухайн үед төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх тухай ярьж байсан учраас ирээдүйд ажил, алба эрхлэхэд монгол бичиг чухал хэрэглээ болно гэж бодсон. Тиймээс үндэсний бичгээ сурахаар шийдэж, энэ хичээлийг сонгосон. “Зуны хичээл” гэх даалгавар нь зөвхөн нэг хичээлийг сонгоод өдөрт 5-6 цаг идэвхтэй хичээллэдэг учраас ахиц дэвшилттэй байдаг.
Миний хувьд ингэж хичээллэснээрээ уншлага, бичгийн хэв сайжирч, сурах сонирхолтой болж эхэлсэн. Сургуулиа төгсөж, ажлын талбарт гараад үндэсний бичгийн мэдлэг, чадвараа дахин сайжруулж, ажлын тэмдэглэлийг монгол бичгээр хөтөлж эхэлсэн. Монгол бичгээр ажлын тэмдэглэл хөтлөх нь сонирхолтой, үүний зэрэгцээ мэдэхгүй үгээ толь бичгээс харж, зөв бичих ур чадвараа сайжруулдаг.
2021 онд ерөнхий боловсролын сургуульд хэдэн сар нийгмийн ажилтнаар ажиллах хугацаандаа сум, аймгийн хэмжээний хэд хэдэн уралдаанд оролцож, улмаар монгол хэл, бичгийн багш нараараа заалган компьютерээр монгол бичиг бичих аргачлалд суралцсан.
Би өөрөө бусдад зааж, түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй учраас бусдаас түрүүлж илүү сайн сурахыг хичээж ирсэн дээ. Арваад жилийн хугацаанд тасралтгүй суралцаж байна.

-Хурлын тэмдэглэлийг кириллээр бичихэд ч яарч сандрах үед алдаа гаргах нь бий. Тэгвэл монгол бичгээр тэмдэглэл хөтлөхдөө хэрхэн хурдан, зөв бичиж сурсан бэ? Өдөр тутамдаа яаж дадлагаждаг вэ?
-2018 оноос эхлэн ажлын тэмдэглэлээ үндэсний бичгээр хөтөлж эхэлсэн. Анхны тэмдэглэлдээ “2025 онд хос бичигтэн болох тул эртнээс сурах хэрэгтэй. Эх хэлээ сурч чадвал өөрөөрөө бахархана” гэж бичиж байжээ. Үндэсний бичгээр тогтмол бичих нь үгийн үндсийг нүдэлж, зөв бичих дадал суулгахад тустай. Үгийн үндэс хадгалагддаг учраас хялбар. Эхэндээ зөвхөн өөрийн хэрэгцээнд ашигладаг байсан бол одоо бусдад зааж сургахын зэрэгцээ монгол бичгийн уралдаан зохион байгуулж, шүүгчээр нь ажилладаг болсон.
Энэ бүхний үр дүнд өмнө нь толь бичгээс харж байж бичдэг байсан үгсээ одоо шууд таньж, кирилл бичиг шигээ чөлөөтэй бичдэг болсон. Мөн хүмүүс надаас монгол бичгийн талаар зөвлөгөө авах нь нэмэгдэж байна.
Ер нь хурлын тэмдэглэл хөтлөхдөө хэлсэн бүхнийг үгчлэн буулгадаггүй. Харин гол утга санааг нь товчлон тэмдэглэж авдаг. Ингэснээр дараа нь тэмдэглэлээ эргэн харж, дэлгэрүүлэн сэргээн бичих боломжтой.
Гэхдээ одоогоор хүн бүр үндэсний бичгээр уншиж, ойлгох чадваргүй учраас ажлын тэмдэглэл, төлөвлөгөөгөө монгол бичгээр хөтлөхийн зэрэгцээ кириллээр давхар бичиж хавсаргадаг. Харин 2027 оноос эхлэн ажлын тэмдэглэл, төлөвлөгөөгөө зөвхөн монгол бичгээр хөтөлж, бусдад тайлбарлаж ойлгуулах шаардлагатай асуудлыг нь ярилцаж, хэлэлцээд явах бодолтой байна.

-Сумын төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг, ур чадвар ямар түвшинд байна вэ? Сургалтад хэдэн насны, ямар түвшний хүмүүс түлхүү хамрагддаг вэ?
-2024 оноос эхлэн сумандаа “Хос бичигтэн” үндэсний бичгийн сургалт зохион байгуулж байна. Сурах хүсэл, сонирхолтой хүн олон байдаг ч ажлын ачаалал, цаг завгүйн улмаас сургалтад тогтмол хамрагдаж чаддаггүй. Тиймээс төрийн албан хаагчдыг ажлын цагаар нь чөлөөлж, сургалтад хамруулах хүсэлтийг байгууллагуудад хүргүүлсэн. Үүний үр дүнд сургалтын ирц нэмэгдэж, албан хаагчид илүү идэвхтэй хамрагдах боломж бүрдсэн. Мөн сурсан мэдлэг, чадварыг нь бататгах зорилгоор давтан сургалт тогтмол зохион байгуулж, шаардлагатай үед зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг.
Албан байгууллагуудад сургалт явуулахаас гадна 3-5 дугаар ангийн сурагчдад монгол бичиг заадаг. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөх хугацаа харьцангуй богино ч уншиж, бичих сонирхол ихтэй. Мөн сурах хурд, цаг баримтлах чадвараараа томчуудаас илүү байдаг. Тиймээс 6 дугаар ангид орохдоо бүх үсгээ таньж, уншиж сурсан төдийгүй галигийг хөрвүүлэн, үг холбон бичих чадвартай болдог. Ийнхүү үеийнхнээсээ түрүүлж монгол бичгийн мэдлэг эзэмшиж байна.
Жишээлбэл, манайд 1800-1900 оны үед үндэсний бичгээр бичсэн 13 баримт бичгийн эх хувийн хуулбар бий. Эдгээрийг уншиж судлаад найз нөхдөдөө тайлбарлаж өгөхөд тэд гайхан биширч, бахархахын зэрэгцээ ихэд сонирхдог. Энэ нь бусдад үндэсний бичгийн үнэ цэнийг ойлгуулахаас гадна өөрт нь ч улам ихийг сурч мэдэх хүсэл төрүүлдэг.
-Танд үндэсний бичгээр хэвлэгдсэн эртний ховор ном, бичиг баримт цөөнгүй байдаг юм байна. Тэдгээрийг хэрхэн цуглуулсан бэ? Ямар ном, бүтээлүүд байдаг вэ?
-Нагац өвөө маань Чимэд гэж хүн байсан. Хүүхдүүдээ бичиг үсэгтэй болгохын тулд “Хүү, охин хоёроо гэрээр сургана” гээд ном цуглуулдаг байжээ. Түүний нэг нь Ардын Гэгээрүүлэх Яамнаас 1929 онд хэвлүүлсэн “Насанд хүрэгчдийн үзэх цагаан толгой” ном юм. Гэвч тухайн үед кирилл бичигт шилжсэн учраас эмээ, өвөө хоёр маань энэ номыг ашиглаж амжаагүй. Харин өвөө маань намайг судалж, харьцуулж, хойч үедээ өвлүүлэн үлдээгээрэй гээд надад өгсөн юм.
1944 онд хэвлэгдсэн “Мал аж ахуйд яаж ажиллах талаар ардуудад өгөх сануулга, сургаал” нэртэй үндэсний бичгийн ном бий. Тухайн үеийн нэгдлийн дарга өвөөд маань гарын үсгээ зурж өгсөн гэдэг. 300-гаад хуудастай энэ номыг би сүүлийн арваад жил тогтмол уншиж байна. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ үгийн утга, найруулгыг нь танин мэдэх зорилгоор уншдаг. Өвөө, эмээгээс уламжилж ирсэн энэ хоёр ном манай гэр бүлийн хамгийн эрхэм, үнэ цэнтэй өвийн нэг юм.

-“Хичээнгүй бичигтэн” уралдаанд Д.Нацагдоржийн “Түүхэн шүлэг”-ийг сонгосон нь ямар учиртай вэ?
-Баян-Өндөр сумын Соёлын төвөөс аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран “Хичээнгүй бичигтэн” уралдааныг зарласан. Оролцогчид Д.Нацагдоржийн “Түүхэн шүлэг”-ийг үндэсний бичгээр хичээнгүй бичих даалгавартай. Хүннү гүрнээс өнөө үе хүртэлх Монголын түүхийг хураангуйлан өгүүлсэн учраас энэ шүлгийг сонгосон. Өөрөөр хэлбэл, шүлгээ цээжилсэн байхад л түүхийн анхан шатны мэдлэгтэй болно гэсэн үг. Шүлэгт хүн бүрийн мэддэг мөрүүд бий. Эхэндээ хүмүүс “Ямар шүлэг юм бэ?” гэж асуудаг. Харин “Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл” гэсэн мөрийг хэлэхээр “Өө, мэддэг шүлэг байна” гэдэг. Ер нь хүмүүс үндэсний бичгийн уралдаанд оролцохоос эмээх нь бий. Гэхдээ үүнийг бусадтай өрсөлдөхөөс илүүтэй өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харах хэрэгтэй. Уралдаанд оролцохдоо алдсан үгээ дахин давтаж бичихэд тэр алдаагаа дахин гаргахгүй, бүр мартахгүй тогтоодог.
-Ярилцсанд баярлалаа.

