Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг
сүүлийн хоёр жилд ямар ажил хэрэгжүүлснийг тодрууллаа.
Тус аймгийн 17 суманд
2025-2026 онд хавар, намрын мод тарих ажлыг зохион байгуулахад төрийн болон
хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ. Тодруулбал,
2025 онд хавар, намрын мод тарих ажилд 176 байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл
5768 иргэн оролцож, 50749 мод, бут сөөг тарьжээ. Харин 2026 онд мод тарих ажилд 200 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл 4600 гаруй
иргэн оролцож, 74763 мод тарьсан байна.
Мөн голын татмын ойг нөхөн сэргээх, булгийн эхийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлжээ.
Өнгөрсөн онд АДАПТ
төслийн хүрээнд Дарви сумын Ар улаан булагийн хөв цөөрмийн орчимд 20 га,
Жаргалант сумын Буянт голын ай сав дагуу 50 га, Мөст сумын Боорж голын ай савд
15 га, Дөргөн сумын Тээлийн голын ай савд 20 га, Булган сумын Булган голын
орчимд 20 га, Байтаг дахь хилийн заставын орчимд 3 га талбайд татмын ойжуулалт
хийсэн байна. Мөн энэ
онд “Мон-Эн-Ко” ХХК-ийн санхүүжилтээр “Ховд Сафари” ХХК Манхан сумын Төгрөг
голын татамд 40 га талбайд ойжуулалт хийлээ.
Ийнхүү Ховд аймагт сүүлийн хоёр жилийн хугацаанд нийтдээ 168 га талбайд татмын ойжуулалт хийж, 125 мянга гаруй мод тарьсан нь байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн онцлог ажил юм. Мөн 2025-2026 онд орон нутгийн болон АДАПТ төслийн санхүүжилтээр 20 гаруй булаг, шандны эхийг тохижуулж, 9 хөв цөөрөм байгуулан усны нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сумдын услалтын системийг сэргээж байгаа ажээ.