Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хөтөлбөрийн удирдах хорооны дарга И.Батхүүгээр ахлуулсан ажлын баг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)-ийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн талаар аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг тэргүүтэй төлөөлөгчид, Европын Холбооны төлөөлөл болон аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов.
ASDIP хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймагт дэд бүтэц, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт нийт 350 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм.
Тухайлбал, дэд бүтцийн салбарт 27 сая ам.доллар буюу
ойролцоогоор 97 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс гадна бэлчээрийн
менежментийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих,
агробизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн сангаар дамжуулан санхүүгийн дэмжлэг
үзүүлэх ажээ.
Уулзалтын үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дэд бүтцийн ажлын бэлтгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, “Чөлөөлье” санаачилга болон Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Ажлын баг Бүсчилсэн ногоон хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
ASDIP хөтөлбөр нь Баян-Өлгий аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна.


