Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хүүхэд, багачуудын дунд галзуу өвчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус уралдааныг EpiC-II төсөл болон төслийг хэрэгжүүлэгч Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд сурагчид өөрсдийн бүтээлээр дамжуулан галзуу өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэг, ойлголтоо илэрхийлжээ.
Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулсан байна. Нэгдүгээр шатанд оролцогчдын бүтээлийг урьдчилан зарласан журмын дагуу олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, иргэдийн санал, дэмжлэгийг лайк болон шэйрийн тоогоор үнэлжээ. Тодруулбал, нэг лайкийг нэг оноо, нэг шэйрийг хоёр оноогоор тооцож, хамгийн өндөр оноо авсан 13 бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан байна.
Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн агуулга, сэдвийн илэрхийлэл, бүтээлч байдал, хүүхдийн насны онцлогт нийцсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, уралдааны эцсийн дүнг гаргажээ.
Ингээд тэргүүн байрт 13 настай Ууганбаярын Буянзаяа шалгарч, 200 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнуулсан бол дэд байрт 13 настай Энхбаатарын Алтанбаатар шалгарч, 100 мянган төгрөгийн эрхийн бичиг хүртэв. Харин гутгаар байрт 7 настай Аманкелдийн Мустафа шалгарч, 100 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнууллаа.
Мөн хоёрдугаар шатанд шалгарсан бусад 10 оролцогчийг гарын бэлгээр шагнаж, урамшуулсан байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээл бүр хүүхдүүдийн хичээл зүтгэл, бүтээлч сэтгэлгээ, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг өөр өөрийн өвөрмөц өнгө төрхөөр илэрхийлжээ.
Энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, галзуу өвчний хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.


