Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын явуулын ажлын баг “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ногооннуур сумын Ховд гол, Чихтэй багт ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэлээ.
Энэ үеэр тус сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилттэй танилцаж, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, холбогдох мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Түүнчлэн бага ангийн сурагчдад бие махбодын халдашгүй байдлын талаар ойлголт өгөхийн зэрэгцээ хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, шаардлагатай үед хэрхэн холбогдож, тусламж авах талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэжээ.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийг илрүүлж, холбогдох мэдээллийг “И-Монголиа” системээр дамжуулан хүргүүлсэн байна.
Ажлын багийнхан Ногооннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Эрсдэлийг хүүхдийн нүдээр” сэдэвт нөлөөллийн ажил зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд сурагчид өөрсдийн сурч, амьдарч буй орчинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, санал бодлоо илэрхийлсэн нь хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын явуулын баг үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган, Баяннуур, Толбо сум болон Цагааннуур тосгонд мөн ажиллаж, хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсон, сурч боловсрох, амьдрах орчинд нь тулгамдаж буй асуудал, болзошгүй эрсдэлийг өөрсдөөр нь тодорхойлуулж байгаа аж.


